Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар таван Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан үүргийг өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж машин унших форматаар бэлтгэн ЦХХ-ны сайд Н.Учралд 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг албан тушаалтнуудад даалгасан.
Тусгай хамгаалалттай газар газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашиглалтын төлбөр төлөлтийн байдал, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгааль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж хүргүүлэхийг холбогдох сайдад мөн даалгасан. Үүнээс гадна барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлтийг хүргэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд даалгасан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагууд зургаадугаар сарын 1-нээс хойш АТГ-т тухайн төрийн албан тушаалтныг шилжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Хуулийг биелүүлэхгүй байгаа нь АТГ-т тухайн хүнийг шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. Мөн ХАА-н санг олон нийтэд нээлттэй болгоно. Ингэснээр хууль зөрчсөн эсэх дээр олон нийт, сэтгүүлчид үнэлэлт, дүгнэлт хийж, шүгэл үлээх боломжтой юм" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn