Т.САЙХАН

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нохой, муурыг устгах талаар одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Түр зуурын дүрмээр зохицуулдаг. Нохой, муурыг бүртгэлжүүлээд, үржлийг нь хаах юм бол орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэх нэг эх үүсвэр бий болно. Зарим хөгжингүй улсад зөвхөн нохой, муур салхилуулах тодорхой хаягтай цэцэрлэгт хүрээлэн байдаг. Харин Улаанбаатарын хувьд юун нохой, муур салхилуулах талбай битгий хэл хүүхэд салхилах талбай байхгүй. Гэхдээ бид энэ асуудлыг бодлогоор чирэх ёстой. Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр шатаах зуух барьсан. Устгах ёстой нохой, муурын 10 хувийг л устгах боломжтой. Гэтэл одоо бүгдийг нь устгана гээд дахиад 10 зуух барих ёстой юу. Түлш шатахууны зардал нь дийлддэггүй" гэдгийг хэллээ. 

Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон "Хамгийн эхэнд хийх чухал зүйл нь бүртгэл. Нохой, муур тэжээгч асран хамгаалагч нарыг нарийн бүртгэлд оруулах ёстой. Гэрийн тэжээвэр амьтан нь тухайн гэр бүлийн зөвхөн нэг гишүүн дээр байх ёстой. Бүртгэлийг хангалттай сайн хийснээр үржлийг хянах боломж бүрдэнэ. Амьтад гадаа хаягдахгүй болно. Орон нутагт бүртгэлгүй үржүүлэг явагдаж байгаа учраас халдварт өвчин их гарч байна. Цалингаас гадуурх орлого маягаар харж хяналтгүй үржүүлэг их явуулж байгаа" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn