Т.САЙХАН
Ардчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалт "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт" сэдвийн хүрээнд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцсон билээ. Тэрбээр уулзалтын талаар болон "Шувуу" ажиллагааны тухай мэдээлэл өгөв. Х.Нямбаатар " Манай улсаас оролцсон бүрэлдэхүүн хэд хэдэн орны хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ярилцлаа. Үүний дараа Филиппинд очиж, тус улсын хууль сахиулах байгууллагатай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан. Иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлэх утга бүхий албан бичгүүдээ гардуулан өгсөн. Ингэснээр Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 10 гаруй цаг албадан саатуулсан. Бидний тавьсан хүсэлт болон иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гаргахад татгалзах зүйлгүй гэснээр процессын урт ажлууд явагдлаа. Түүнийг өнгөрсөн шөнө 01:00 цагийн нислэгээр Сөүлээр дамжуулж, сая Улаанбаатарт авчирсан" хэмээв.
Филиппин улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга Т.Сүхболд нар ажиллажээ.
Эх сурвалж:www.polit.mn