Т.САЙХАН

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Н.Энхболд парламентад өргөн барьлаа.  Энэ үеэр хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл өгөв.  Тэрбээр  " Парламентад суудалтай улс төрийн намууд хамтран ажлын хэсэг байгуулж, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан.  Сонгууль дахь мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Аль болох хүний санал УИХ-ын гишүүний суудлын тоон дээр заавал тусгалаа олох манайд хамгийн сайн тохирох хувилбарыг холимог тогтолцоог сонгон авч хуулийн төслөө өргөн мэдүүллээ. Мажоритар тогтолцооны хувьд “Иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлдчихлээ” гэж хамгийн их шүүмжлэл хүлээдэг. Нийт иргэдийн 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын 70-80 хувийг бүрдүүлж байгаа нь нийгмийн шударга ёс талаасаа байж болшгүй зүйл. Хоёрдугаарт,  нийгмийн бүхий л давхрагын төлөөлөл, хүсэл эрмэлзэл УИХ дээр тусгалаа олохгүй байна гэдэг асуудлыг олон жил яригдсан. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг бодоогүй. Үндсэн хууль батлагдсанаас хойшх УИХ-ын сонгуулиудын дүн, түүний үр дүн, нийгэм улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзэлийг хамтатгаж нэгтгээд уг хуулийн төслийг болрвсруулан оруулж ирсэн. Одоо УИХ-ын холбогдох бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж, сонгууль эхлэхээс жилийн өмнө уг хууль батлагдсан байх ёстой. Багцаа хугацаа хэлэхэд энэ оны зургадугаар сарын 20-ны үед Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Бидэнд  Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр сарын л  хугацаа байна. Бүхий л талаас нь хэлэлцэж уг хуулийг батлаад явах бодолтой байна. Албан ёсны хэлэлцүүлгүүд ирэх долоо хоногоос явна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn