Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
COVID-19 цар тахал болон Орос, Украины асуудал, БНХАУ-тай хиллэдэг боомтуудын хязгаарлалт гэсэн гадаад орчны сөрөг нөлөөнөөс болж манай улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд хүндхэн байсан. Мөн гадаад орчноос хэт хамааралтай эмзэг байгааг бидэнд ойлгуулсан. Тэгвэл цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэн, аялал жуулчлал сэргэснээр Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд илүү хурдацтай өснө гэж Азийн хөгжлийн банк төсөөлсөн байна. БНХАУ “Тэг-Ковид” стратегиа өөрчилсөн нь бүс нутгийн эдийн засаг өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, ирэх онд Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 4.8 хувиар өснө. БНХАУ-ыг оруулахгүйгээр тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 4.6 хувь, ирэх онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна. Харин БНХАУ-ын хувьд эдийн засаг нь 2022 онд гурван хувийн өсөлттэй байсан бол оны эцэст “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар энэ онд тав, ирэх онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Манай улсын хувьд инфляц өнгөрсөн жил сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Тодруулбал, импортын хэрэглээ буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны зургадугаар сард инфляц 14.6-15 хувьд хүрсэн. Харин он гарсаар эдийн засаг тогтворжиж инфляц 12 хувь болсон. Тэгвэл энэ онд инфляц 10.9, 2024 онд 8.7 хувь болох боломжтой гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Төвбанкны инфляцын зорилтот түвшин бол зургаа. Дээд хязгаар нь найм. Тэгвэл 2024 онд найман хувь болон буурах боломжтой. Гэхдээ зүгээр байж байгаад инфляц буурахгүй олон тохиргоо хийх шаардлагатай. Тухайлбал, нийлүүлэлтийн шокын эсрэг бодлогын арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.
Харин Азийн хөгжлийн банкны эдийн засагч Эдуард Фабер “Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн эцсийн дүнгээр 4.8 хувьтай гарсан. 2022 оны эхний улиралд бид Монгол Улсын эдийн засгийн байдал таагүй байна гэж таамаглаж байсан. Гэвч тухайн жилд том өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, БНХАУ-ын зүгээс “Тэг-Ковид” бодлого барьж, хилийн худалдаа хязгаарлагдмал байсан. Гэвч Монгол Улс боомтууд дээрээ тусгай шугам гарган жолоочгүй автомат тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон төмөр замын тээвэрлэлт ашиглан нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн. Экспорт нэмэгдэхийн хэрээр эргээд гадаад валют орж ирэх, Монгол руу чиглэх хөрөнгийн урсгал өссөн. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон төсвийн зарцуулалт хувийн хэвшил, иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Энэ байдал 2023 онд үргэлжлэх төлөвтэй байна. Хятадын эдийн засаг нээлттэй болсноор Монгол экспортоо чөлөөтэй хийж 2023 онд эдийн засгийг идэвхжүүлж, эргээд хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлтэй байна” гэв. Мөн 2023-2024 онд гадаад нөхцөл байдалд өөрчлөлт гарахгүй бол гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрснээс их хэмжээний ашиг олох боломжтойг ч энэ үеэр онцолсон юм.
Харин 2023 онд хойд хөршийн эдийн засгийн өсөлт -1.2 хувьтай байна. Баруунаас Орост тавьсан хориг арга хэмжээ, Украины нөхцөл байдал гэх мэт асуудлууд нөлөөлсөн. Цаашдаа эдийн засгийн агшилт -2 хувьтай байх үзүүлэлтийг ОХУ-ын статистикийн газраас гаргажээ. Өмнөд Азийн хувьд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай байна. Учир нь Энэтхэг улсын эдийн засаг сайжирсан. Барууны орнуудын хувьд төв банкнууд бодлогын хүүгээ өндөр барих, банкны салбарын хямрал зэрэг нь бүс нутагт нөлөөлнө. Мөн Украин, Оросын хурцадмал байдал даамжирвал хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлж магадгүй аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)