Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг  эрчимжүүлэх , Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос төрийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байна.  Энэ хүрээнд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар ХНХЯ-ны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Иргэдэд шууд хүрдэг нийгмийн үйлчилгээний дийлэнх нь тус яамны үйл ажиллагаатай холбоотой бөгөөд цахим шилжилтийн бодлогыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг уулзалтын эхэнд байнгын хорооны дарга онцлов.

Тус яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110-ыг цахим болгож, “E-Mongolia”-д 18 үйлчилгээг холбосон байна. Хэдийгээр төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа ч иргэдэд уламжлалт байдлаар үйлчилгээ авах сонирхол байсаар байгааг яамныхан хэлж байна. Тухайлбал, “ehalamj” системээс өнгөрсөн онд 71 мянган иргэн цахимаар хандаж үйлчилгээ авсан бол 489 мянган иргэн мэргэжилтэнд хандаж үйлчилгээ авчээ.

Уулзалтын үеэр ХНХЯ-наас хэрэгжүүлж буй нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, гэр бүлийн салбарын “ehalamj”, “ejob”, “ezuvshuurul”, “etuslamj” зэрэг  гол системүүдийг танилцуулсан.  Хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн “ejob” системийг олон нийтэд сурталчлах ажлыг илүү сайн зохион байгуулж ажиллах чиглэлийг энэ үеэр өгөв.

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотойгоор үүссэн мэдээллийн зөрүүтэй байдал үндсэндээ цэгцэрч дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар бусад таван байгууллагатай мэдээлэл солилцсоны үндсэн дээр 993725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа аж.  Иргэд “e-mongolia”, “e-halamj” системээр мэдээллээ нягталж өргөдөл гаргах боломжтой. Цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг илүү сайжруулахад байнгын хорооноос сайтар анхаарч ажиллаж байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 64 (7049)