Б.ОД

Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар  өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн ч иргэдийн картын зээл, дээр нь автомашины зээлийн эргэн төлөлт муудсан байна. Албан ёсны салбаруудаас гадна бусад салбараас олгогдож байгаа зээлүүд өрхүүдийг өрийн дарамтад оруулах, орлогыг бууруулах сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Бодлогын хүүг 2022 он гарснаас хойш тогтмол нэмэгдүүлснээр 13 хувьд хүрсэн. Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад нэлээн өсөлт үзүүлж, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Харин зээлийн хүү хадгаламжийн хүүг дагаж огцом нэмэгдээгүй байна. Хэрвээ энэ хатуу бодлого цаашид урт хугацаанд үргэлжилбэл зээлийн хүүд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байна.Хил, гааль, логистикийн нөхцөл байдал зөөлөрч байна. Дээрээс нь төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт багасч буй учраас бодлогын хүү энэ онд аажмаар буурах байх гэсэн хүлээлттэй байна. Тиймээс зээлийн хүү огцом нэмэгдэхгүй байх аятайхан боломж гарах болов уу гэж харагдаж байна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn