Т.САЙХАН

 МАН-ын бүлгийн өнөөдрийн /03.27/ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-аас төлөөлөл орж, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт бий. Үүнээс таван өөрчлөлтийг хэлье.

Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог холимог болгох. УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос,  38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдох.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой заалт оруулсан.  Нэр дэвшигчийн зурагт самибар, шадар туслахуудын тоог багасгасан. Хямд зардалтай сонгууль хийхэд чиглэж байна.

Гуравт, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авахтай холбоотой заалт оруулсан.

Дөрөвт, нэгэнтээ пропорцианаль тогтолцоо орж ирж байгаа учраас улс төрийн намд 3 хувийн босго тавих. 5 хувиас 3 хувь болгон босгыг бууруулж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйс 30-аас доошгүй хувьтай байна гэдэг босго тавьсан.

Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийлсэн  гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn