Б.ДАМДИН-ОЧИР

 

Хэдэн сар үргэлжилсэн Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хэд хоногийн өмнө дууслаа. Тэндээс мөн ч их мэдээллээр чих мялаацгаав, бид. Өнөөх хэдэн “топ”-ууд маань өрний тулам, том төслийн луйварчид болж таарав. Гаднаас богино хугацаагаар, өндөр хүүтэй босгосон зээлүүдийг бараг хүүгүй, хугацаагүйгээр хуваагаад авчихдаг аж. Хэдэн арав, зуун тэрбумаар нь шүү дээ. Хөгжлийн банкны “зээл”-ийг хуу хамсан этгээдүүд нь дандаа л сонин, сэтгүүлийн нүүр, хавтаст зураг нь гарч, олны танил болсон улстөрчид, бизнесмэнүүд байх юм. Эндээс манайд ойрын хэдэн жилдээ Элон Маск шиг биш юм гэхэд тийм зарчимтай тэрбумтан төрөхгүйг л маш сайн ойлголоо. Уг нь бид мэддэг. Улстөрчид нь энэ насандаа ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хэрнээ тэрбум тэрбумын хадгаламжтай байдаг. Бизнесмэнүүд нь үйлдвэр, объектуудыг хувьчлалаар үнэгүй шахам авч, лицензээр том ордуудыг түрийвчилсэн. Тэгж хөлжсөн гэдгийг бид мэднэ. Бас бараг бүх банк энэ “хүүгүй” зээлийг хүртсэн байна. Хүүгүй авсан мөнгөө бидэнд өндрөөр хүүлдэг байсан эсэхийг тогтоох л ёстой. Хамгийн гол нь Хөгжлийн банкны мөнгөөр голдуу арилжааны банк дахь өрөө дарсан байна. “...Энэ ч яахав, санхүүгийн хүндрэлээ шийдсэн байна” гэж бодохоор хувийн дансандаа шууд шилжүүлээд казинодчихсон жишээ хэд хэд байна. Тэгчихээд зарим нь “...Төлөхгүй” гээд хэрэлдэж байна. Зэвүүцэл, дургүйцэл хоёр зэрэг төрөв.

Гэтэл жирийн иргэн биднийг яадаг билээ дээ. Утасны мөнгө, зээлийн хүү зэргийг төлөхгүй хэд хоноход “Монголбанкны хар жагсаалт” гээчид хийчихнэ. Тэгээд санхүүгийн бүх эрх чөлөөг хорьчихдог. Тиймээс л нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Ер нь тэр сонсголыг үзсэн харсан хүн бүр үсээ зулгаатлаа л бухимдаж байна. За тэгтэл, залгуулаад Боловсролын зээлийн сангийн зарцуулалтын зах зухаас дуулдаад эхэллээ. Аанай л том дарга, том бизнесмэнүүд, бас хууль хяналтын байгууллагын удирдлагад байсан эрхмүүд маань хүртжээ. Идээд барахгүй баялаг, их мөнгө дансалсан тэдний хүүхдүүд энэ сангийн өч төчнөөн зуун мянган ам.доллараар гадаад сурчээ.

Энэ сангийн мөнгөөр гадаадын боловсрол эзэмшсэн жирийн иргэдийн хүүхэд хэд байдаг бол доо?!

Таван жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг гээд л мандсан. Манайхан уужуу л даа. Бухимдасхийгээд мартсан. Одоо ч тэр ЖДҮ-чид улс төрийн оргилоос буугаагүй л байна. Тэрчлэн дахиад бас ЖДҮ-гийн хэрэг мандах гээд дуншиж байна. Шинээр шүү. Хууль хяналтынхан удахгүй танилцуулж, мэдээлэх бололтой юм.

Одоогоос арваад жилийн өмнө ч Тариалан эрхлэлтийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, өөр юу юу ч билээ, гоё нэртэй сангуудыг дээрх нөхдүүд цөлмөсөөр ирсэн нь яригддаг л байсан. Яг үнэндээ “...Арай ч үгүй биз” гэцгээдэг л байсан. Ганц нэг нь сангуудыг цөлмөсөн асуудлаар шалгуулаад, мөрдүүлээд эхлэхээр “...Хөдөлмөрийн баатар хүнийг яаж байгаа юм бэ”, “...Жинхэнэ гавьяатай хүн чинь энэ шүү дээ” гээд тархи эргэтэл ухуулчихна. Мөрдөгч нар  нь ч няцаж, прокурор шүүх нь оролцоод хэргийг нь хаадаг байсан гэдэг.

Одоо тэгэхээр сайд болгон яамныхаа харьяаны сангуудын баримтыг дэлгэх хэрэгтэй. Мэдээж, өнөөх хэд чинь л гарч ирнэ. Цаашлаад, төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой 87 компани, төсвийн 713 байгууллага, олон улсын санхүүжилттэй 21 төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит 187 үйлдвэрийн газар, Засгийн газрын 74 тусгай сангийн байгуулснаас нь хойш өнөөдрийг хүртэлх орлого, зарлагыг нарийн нягт шалгах цаг болсон. Тэгж байж тэр “Шүгэл”, “Шүүр” өөр юу билээ, тийм ажиллагаанууд хэрэгжинэ. Тэгэхгүй бол зүгээр л нэг улс төрийн итгэл төрүүлэхийг оролдсон акц болоод дуусна. Ерөөсөө энэ төрийн өмчийн компаниуд, гаднын төслүүд дээр дандаа улстөрчдийн “БЭТ” нар очдог. Тэр ч байтугай зөвхөн улстөрчид, том дарга нарын хамаатан садан, ил далд холбоо сүлбээтэй хүмүүсийг ажилд аваад, харж “хадгалж” байдаг төрийн статустай байгууллагууд ч байна. Ядахад нөгөөдүүл нь байгууллагынхаа стандартад нийцэх боловсрол ч үгүй, мэдлэг ч үгүй. Монголбанкны харьяаны ийм нэг газрын талаарх мэдээлэл удахгүй дэлбэ үсрэх бололтой.

Тэгээд болоогүй, та бидний олон жил цонхны цаадах чихэр шиг долоож ирсэн Оюу толгой, Тавантолгойгоос “хууль бус мөнгө хийсэн”, саалийн үнээ “Эрдэнэт”-ийг сааж, хувийн сонирхлоор хандсан хулгайч түшээд, бизнесмэнүүдэд ч хууль үйлчлэх учиртай.

Ер нь бол сүүлийн үед яриад байдаг болсон “дабль стандарт” гээч чинь л энэ байгаа юм. Нэг үйлдэлд хоёр төрлийн “хууль” үйлчилдэг тухай ойлголт л доо. Хамгийн энгийнээр хэлэхэд, төрийн дэмжлэг гэх гоё халхавчийн дор хэдхэн улстөрч, бизнесмэн, хууль хяналтынхан л хөгжиж, дэвжиж ирсэн байх юм. Цаашлаад ЖДҮ, Хөгжлийн банк, Эрдэнэтийн хэргийг дурдаж болно. Энэ нь манай нийгэмд 30 жилийн турш хоёр төрлийн стандарт үйлчилж ирсэн байгаа юм.

Бас кастын систем гээд ярьдаг. “...Монголд хамаагүй, хаа холд үйлчилдэг” гэдэг. Гэтэл манайд аль хэдийнэ нутагшчихсан юм байна. Тийм болохоор л ийм аргаар “баян” болсон хүмүүсийн хүүхдүүд телевизийн шоуны “шарк” болж суучихаад “...Өөрийгөө ял”, энэ тэр гээд байгааг нь “...Доромжлол” хэмээн хүлээж авч байна. Үнэхээр ч “...Амьдрал гэж юу болох”-ыг тэд заах боломжгүй л дээ. Бизнесийг ч гэсэн. Гэтэл манайд жирийн иргэд яаж амьдарч байна вэ. Жирийн айлд төрсөн хүүхдийн ирээдүйд баталгаа байхгүй. Халамж хэлбэрийн хүүхдийн мөнгө нь төр солигдох бүрт саналын барьцаа болж хувирдаг. Цэцэрлэг олдохгүй. Сургууль ч хүртээмж муутай. Дээд сургуулийн тухайд, төгсөөд үйлчилгээний ажилтан, нарийн бичиг төдийд л баталгаа болно. Дээр ярьсан Боловсролын зээлийн сангаас барагтай л бол олдохгүй. Мөрөөдөл шүү. Баялгийн хуваарилалт бол угаасаа хэдхэн хүний гарт төвлөрчихсөн. Үргэлжлүүлбэл, бүтэлтэй, хүч тэнцүү зүйл бараг үгүй. Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг тууж байдаг. Улс төрийн “толь бичиг” гэдэг.  Анх 1945 онд анх хэвлэгдэж, олны хүртээл болж байжээ. Фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд эрх мэдлийг эдэлдэг. Харин ард иргэдийг номхон хүлцэнгүй, тэнэгдүү хонь малаар төлөөлүүлсэн гэдэг юм.

Зохиолын үйл явдлыг маш товчоолбол, амьтад ялалтаа байгуулсны дараа долоон дүрэм батална. Түүнийг бүгд цээжилж мөрдөх болно. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилдөг.

Манай нийгэм нэг иймэрхүү. Уг нь “...Ардчилал, хүний эрх, шударга ёс, тэгш хуваарилалт” гэсэн маш том тунхагтай. Аль нь ч биелдэггүй. Ард түмэн нь зовчихсон. Ямар сайндаа л улсаасаа дайжихын мөрөөдөл байх вэ дээ. Ерөнхий сайд нь Солонгост айлчлахдаа визний хөнгөлөлт гуйв. Үүнд нь нийтээрээ хөөрөлдөв. Угтаа энэ бол эмгэнэл юм даа. Монголчууд Монгол нутагтаа эзэн биш, боолын дүртэй амьдарч байна. Улмаар үр хүүхдээ ямар нийгэмд үлдээж байгаагаа ч ойлголгүй одоцгооно. Амьдрал ийм л “Амьтны ферм” дэх гахайнуудын дарамт дор байна даа. Тиймээс бидний зовлонгийн шалтгаан бол энэ “гахай”-нууд юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)