Б.ЖАВХЛАН

НУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 4.75-5.0 хувьд хүргэсэн нь 2006 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо.  2023 оны эцэс гэхэд бодлогын хүүгийн дундаж түвшин 5.1 хувь байх төлөвтэй байна гэж шинжээчид таамаглаж байна.

“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо ажилгүйдлийн түвшнийг бууруулж, инфляцыг 2 хувьд хүргэхийг зорьж байна. Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд бодлогын хүүг 4.75-5.0 хувьд болгож өсгөх шийдвэр гаргалаа” гэж тус хорооны мэдээлэлд дурдсан байна. ХНС-гийн мэдэгдэлд мөн АНУ-д инфляц өндөр хэвээр байгааг дурджээ. Инфляцын талаарх энэ оны таамаглалаа тус сан 3.1 хувиас 3.3 хувь болгож өсгөсөн бол 2024 оныхыг 2.5 хувийн түвшинд хэвээр үлдээсэн байна.  Түүнчлэн энэ оны болон ирэх оны ДНБ-ий төсөөллийг тус тус 0.5 хувиас 0.4 хувь, 1.6 хувиас 1.2 хувь болгон бууруулжээ. Мөн одоогийн байдлаар АНУ-ын хоёр банк дампуурлаа зарлаад буй.

Эх сурвалж: www.polit.mn