З.БАТЦЭЦЭГ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх тавдугаар сарын 14-нд болох сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ СЕХ-д албан ёсоор хүргүүлжээ. Орон нутгийн телевизийн мэдээлснээр Р.Эрдоганы Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөгчид мягмар гарагт СЕХ-нд ирж түүнийг бүртгүүлэх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн байна.

Одоогийн байдлаар 18 улстөрч төрийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байна. Р.Эрдоганы гол өрсөлдөгч нь гол сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын дарга Кемал Кылычдароглу байх төлөвтэй байна.

Эрх баригч намтай эвсэж буй Үндэсний хөдөлгөөний намын төлөөлөгчид мөн Сонгуулийн төв хороонд хүрэлцэн ирсэн байна. Тэд намууд Р.Эрдоганыг нэгдсэн байдлаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, хуульд заасан бүх бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлсэн гэж мэдэгдсэн байна.

СЕХ дахин хоёр цагийн хугацаанд нэр дэвшигчдийн өргөдлийг хүлээн авна. Мягмар гарагийн орой комиссын дарга ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг зарлана.

Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль парламентын сонгуультай хамт тавдугаар сарын 14-нд болно. Эхний шатанд ялахын тулд төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авах ёстой. Үгүй бол хоёр дахь шат болох бөгөөд эхний шатанд хамгийн их дэмжлэг авсан хоёр нэр дэвшигч оролцох болно. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-нд болсон. Р.Эрдоган тэр үед 52,6 хувийн саналаар ялсан байна.

Эх сурвалж: www.polit.mn