Ц.МЯГМАРБАЯР
Ноолуурын утас ээрч буй мэт есөн эрдэнийн нэг болох зэсийг баяжмалаас нь ялгаж утас болгон ээрч цахилгааны уртасгагч үйлдвэрлэж буй үндэсний “Эрдмин” хэмээх Монгол компанитай танилцаад бахархах сэтгэл төрсөн юм. Эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн зэсээрээ уртасгагч үйлдвэрлэдэг Монголын цор ганц компани эднийх. Чанаргүй уртасгагчаас болж гал гарах магадлал ихэсдэг. Тэгвэл эдний уртасгагч 99.999 хувийн сорьцтой буюу Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг “таван естэй" гэдгээр хамгийн чанартай нь аж.
Ер нь цахилгаан дамжуулах утсан дахь зэсийн оролцоо 70 хувиас дээш байснаараа гал гарах эрсдэл бага, чанартай байдаг юм байна. Монголын газар шорооноос ухаж гаргасан зэсээр цахилгааны утас үйлдвэрлээд 20 орчим жил болж буй тус үйлдвэр 100 гаруй ажилтантай.
“Эрдэнэт” үйлдвэрийн бага агуулгатай хаягдал овоолгыг ийнхүү ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компани 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн бол 2005 оноос эхлэн зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа тухай үйлдвэрийн удирдлага ярьж байсан юм.
Баяжмалаас салгаж авсан зэсээ хавтан болгож хатаагаад, улмаар цельсийн 1100 хэмд хайлуулж шингэн болгож ямар нэг бодис холилгүйгээр 0.26-3. 5 мм-ийн голчоор дамжуулан цувуулж нарийсгадаг аж. Хайлуулсан зэсийг нь нарийсгах тусам утас мэт уян, зөөлөн болдог байна. Хагас боловсруулсан зэсээ нийт 6-7 дамжлагаар дамжуулж нарийсгадаг юм байна. Тухайлбал, нэг удаадаа 0.5 орчим тонн хайлсан шингэн зэсээ 1.2-1.3 мм хэвээр цувуулж 21 метр хэртэй татдаг байх жишээтэй. Энэ мэтээр дараа дараагийн дамжлагуудаар дамжуулж ээрдэг байна. 1.8 мм-ийн голчтой зэсээ хамгийн нарийндаа 0.20 мм болгож нарийсгах боломжтой. Энэ нарийхан зэс утсаар та бидний хэрэглэгдэг гар утасны цахилгаан дамжуулах гүйдлийг хийдэг.
Уртасгагч нь 50 Гц-ийн давтамжтай 250В хүртэл хүчдэл бүхий цахилгаан хэлхээнд хэд хэдэн тоног төхөөрөмжийг зэрэг холбох үед хэрэглэнэ. Мөн зөвхөн албан комьпютерийн хэрэглээнд зориулсан бага хүчдэлтэй уртасгагч үйлдвэрлэдэг аж. Харин U төрлийн утсыг 1000В хүртэл тогтмол хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмж, машин механизм, суурь машины монтаж болон гэрэлтүүлэг, хүчний хэлхээний холболтуудад хэрэглэнэ. Харин R төрлийнхийг мөн л 750-1000В –ийн хүчдэлд залгах боломжтой. Мөн зэс утсаа бүрэх явцаа дунд шатны үйлдвэртээ хийдэг байна. Зэс утсаа 100 болон 200 метрээр тасалж улаан, хөх, ногоон өнгөөр бүрдэг юм байна. Эдгээр утсыг орон сууцны давхар хоорондын монтаж болон айлуудын дундах цахилгааны монтажийг хийдэг. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001-2008 стандарт нэвтрүүлжээ. Одоогоор эднийх цахилгааны утасны дотоодын хэрэглээний 30 орчим хувийг хангадаг байна. Өөрөөр хэлбэл, жилд гурван сая орчим метр утас үйлдвэрлэдэг. Энэ нь үйлдвэрийнхээ хүчин чадлын 10 орчим хувийг ашиглаж байгаа гэлээ. Цаашид эрэлтээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлыг 70 орчим хувьд хүргэх боломжтой. Харин Төрийн худалдан авах ажиллагааны тендерт оролцдог ч нэг ч удаа шалгараагүй. Дотоодын зах зээлд эдний цахилгааны утас хамгийн чанартай, хамгийн хямд байдаг гэсэн.
Импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний чанартай уртасгагч үйлдвэрлэдэг ч хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Хэдийгээр сүүлийн үед баригдаж буй орон сууцны болон бусад барилгын дотоод монтажид үндэсний компаниуд алсаа харж өргөнөөр хэрэглэж буй ч төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг удирдлагууд нь Засгийн тэргүүнд уламжилж өгөхийг хүсч байлаа. Одоогоор манай зах зээлд Солонгос,ОХУ-ын цахилгааны утас эрэлттэй ч эдний утас гарч ирснээр Хятадын чанаргүй цахилгааны утсыг бүрэн халсан аж.
Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс татварын бодлогоор хамгаалж дэмжинэ гэж ярьсаар ирсэн ч бодит дэмжлэг эднийд яг одоо хэрэгтэй байгааг онцольё. Ялангуяа уул уурхайн баялаг ашигласан, дахин баяжуулж ашигласан гэдгээр давхар АМНАТ авч байгаа нь эднийд үйлдвэрлэлээ өргөтгөхөд саад болсоор ирснийг тэд ярьцгааж байсан юм. Түүнчлэн хаягдал овоолгын нөөц дуусч байгаа тул дахин Эрдэнэт үйлдвэрээс зэсийн бага агуулагатай орд авах хүсэлтээ өгөөд байгаа гэв. Ямартаа ч Эрдэнэт хэмээх төрийн өмчит том үйлдвэрийн хаягдлыг ашиглан үнэ цэнтэй баялаг бүтээж байгаа залуусаа дэмжих нь үндэсний олон компанид урам зориг өгөх жишиг болох нь тодорхой. Тус компанийн 25 хувийг Эрдэнэт ТӨҮГ эзэмшдэг гэсэн. Тиймээс зэсийн агууламж бага үүсмэл орд ашигладаг компаниа дэмжиж ажиллах нь хаа, хаанаа чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 58 (7043)