Монголын хөрөнгийн бирж “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу нүүрсний цахим арилжааг эхлүүлсэн. Тус ажлын явцтай танилцах зорилгоор УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Т.Доржханд, Б.Саранчимэг нар Монголын хөрөнгийн биржэд ажиллалаа.

Намрын чуулганаар хэлэлцэж баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлнэ. Бирж ажиллаж эхэлтэл нүүрсийг цахимаар арилжаалах түр журмыг Монголын хөрөнгийн бирж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс нүүрсний цахим арилжааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар системд бүртгүүлсэн худалдан авагч компанийн тоо 92 болж, 400 мянган тонн нүүрсийг дуудлага худалдааны зарчмаар цахимаар арилжаалжээ. Мөн тонн тутмын үнэ  70 ам.доллараас дунджаар 180 ам.долларт хүрч, тээвэрлэлтийн хугацаа 45 хоногоос гурав хоног болж буурсан байна.  Энэ жил Монголын хөрөнгийн бирж зургаан сая тонн нүүрс цахимаар арилжаалах зорилгыг биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ирэх жилд 10 сая, дараа жил нь 15 сая тонн болгож нэмэгдүүлэх зорилготой гэлээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаад эхлэхээр зөвхөн нүүрс биш бусад түүхий эдийг цахимаар арилжаалах боломж нээгдэх юм. Нүүрсний хулгайн асуудлыг таслан зогсоох гол зэвсэг бол олон улсын жишгийн дагуу биржээр арилжаалах явдал бөгөөд Монголын хөрөнгийн бирж энэ үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаад байнгын хорооны дарга Э.Батшугар талархаж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо Монгол Улсын цахим шилжилтийн хүрээнд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж байгааг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд уулзалтын үеэр мөн онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 58 (7043)