Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Ж.Мөнхбат гишүүн ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ руу явсан бөгөөд өөрийнхөө эзгүйд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хэлэлцүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ж.Мөнхбат гишүүний суудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө ирж амжихгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэсэн юм. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо түүний хүсэлтийг хэлэлцлээ. Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулав. Улмаар хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувь нт түүний саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Эх сурвалж:www.polit.mn