Ц.МЯГМАРБАЯР
Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 45 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн салбарт үргэлж өсөн нэмэгдүүлэх шаардлагатай зүйл бол нөөц. Уурхай нь эрдэс баялгийн нөөц, хүний нөөц хоёр дээр тогтдог гэж хэлж болно. Нөөц дуусах үе рүүгээ шилжих бүрт хүдэрт агуулагдах зэсийн агууламж багассаар буй нь өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн, үйлдвэрийг дагаж байгуулагдсан Эрдэнэт хот төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Тиймээс ирэх жаранд үйлдвэрийг зогсолтгүй, найдвартай ажиллуулсаар байх эх уурхай нь геологийн нөөц төдийгүй түүхий баяжмалаа нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгох “Зэс хайлуулах үйлдвэр”-ийг байгуулах нь эдийн засгийн үр өгөөжийг өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх боломж юм. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хамгийн сүүлд 2016 онд бэлэн болсон хэдий ч одоогоор үйлдвэрээ барих эсэх нь Засгийн газрын түвшинд ч хөрөнгө оруулалтын хувьд ч зогсонги байдалд байна.
Тус үйлдвэрийг олон жил гацаасан нэг том шалтгаан нь Хөвсгөлийн фосфортын ордыг ашиглахтай холбоотой. Фосфоргүйгээр зэс хайлуулах үйлдвэр бий болохгүй гэдэг. Гэхдээ одоо хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор саармагжуулж элементийн хүхэр үйлдвэрлэе гэдэг дээр олон жилийн судалгааны үндсэн дээр тогтоод байгаа юм байна. Үүнийг Хятадтай хамтарч хийхээр тус улсын төрийн өмчийн судалгааны хүрээлэнд туршжээ. Тиймээс зэс хайлуулах үйлдвэрээ барих нь тодорхой аж. Гэвч бас нэг томоохон шалтгаан нь Монгол Улс ашигт малтмал зэс, нүүрсээ түүхийгээр нь зарах нь гол худалдан авагч урд хөрш төдийгүй бусад улсад ашигтай гэдэг. БНХАУ-д “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалд зориулж баригдсан зэс хайлуулах хэд хэдэн үйлдвэртэй.
“...Тэд эдгээр үйлдвэрийн зардлыг нөхөөгүй байхад танайх үйлдвэр барих тухай ярилтгүй гэдэгтэй холбоотой аж. Түүнчлэн Тавантолгойн нүүрсэнд түшиглэн нүүрс угаах үйлдвэр барина гэхэд БНХАУ мөн л дургүйцэж байсан. Шалтгаан нь мөн л тэд эдгээр үйлдвэрийнх нь зардлыг нөхөж чадаагүй байхад Монгол Улс зэс хайлуулах үйлдвэр барих тухай ярихгүй шүү гэдэг дургүйцэлтэй холбоотой. Монголыг мөнхийн түүхий эдийн орон болгох сонирхол ганц урд хөрш бус бусад оронд байсаар ирсэн нь үйлдвэр баригдахад саад учруулсаар. Энэ тохиолдолд геологийн нөөцөө тогтмол өсгөж зардал багатайгаар ашиглах нь өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том зорилго төдийгүй тогтвортой найдвартай ажиллах нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа” хэмээн тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон Эдийн засгийн сэтгүүлчдийг үйлдвэртээ хүлээн авч уулзах үеэр онцолж байсан юм.
НӨӨЦӨӨ ӨСГӨЖ ЗАРДАЛ БАГАТАЙ АШИГЛАХ НЬ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ЗОРИЛГО
Монгол Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн байгаагийн 10.7 сая тонн нь "Эрдэнэт үйлдвэр"-т харьяалагдаж байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь анх 1972 онд 521 сая тонн нөөц батлуулж байсан. Тухайн үед 32 жил үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тооцоолж байжээ. Үүнээс хойш тогтмол геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлсэнээр 2016 онд хүдрийн 2.04 тэрбум тонн нөөцийг баталж, 2056 он хүртэл ашиглах боломж бүрдсэн. 2021 онд гурван тэрбум хүдрийн нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж 2081 он хүртэл буюу дахин 60 жил үйл ажиллагаа явуулах боломжтойг зарлаж байсан. Түүнчлэн нөөцийн баталгаажуулалтыг 2020 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JORC стандартаар батлуулсан билээ. Хэдийгээр 2056 хүртэл жил ажиллах хүдрийн цөөцтэй ч түүнд агуулагдах зэсийн агууламж буурсаар байгаа тохиолдолд газрын хэвийлийгээс гаргаж буй өндөр зардалтай зэсийн баяжмалаа түүхийгээр гадагш гаргасаар байгаа нь харамсалтай. Эрдэнэт үйлдвэр бүтээмжээ нэмэгдүүлж зардал бууруулах төлөвлөгөөгөө таван жилээр төлөвлөж ирсэн ч өмнө нь жилд 40 сая тонн хүдрийг баяжуулж 600 сая тонн зэсийн баяжмал авдаг байсан бол одоо агуулга буурсан учраас 580-560 сая болж буурахаар байгаа юм. Иймээс баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага нэн тэргүүнд хийх үйлдэл. 2022 онд Эрдэнт үйлдвэр түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу 32.6 сая тонн хүдэр боловсруулж 3.2 их наяд төгрөгийн орлого олж 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ Монгол Улсын төсвийн 15 орчим хувийг Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлсэн гэсэн үг. Ирэх хоёр жилд хүдэр боловсруулалтыг 40 сая тоннд хүргэхээр зорьж байна. Энэ нь хүдрийн агууламж багассан гээд борлуулалтын орлого буурах биш жилээс жилд өсч байгааг харуулсаар. Хэдийгээр тус үйлдвэрийн цахилгаан ашиглалтын зардал 29 хувиар өссөн гэж байгаа ч боруулалт болон бүтээмжид нөлөөлөөгүй гэдгийг удирдлагууд нь онцолж байв. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн тухайд төсөвт зэсийн үнийг 8400 ам.доллараар төсөвлөсөн ч дэлхийн зах зээлд 8915 ам.доллар болж өссөн нь үүнд нөлөөлжээ. Он гарсаар зэсийн үнэ бага зэрэг буурч байгаа ч төсөвт өмнөх жилийнхтэй ижил үнээр төсөвлөсөн байна.
Монголын саалийн үнээ гэх энэ том үйлдвэр Эрдэнэт хотыг авч явж байна. Өөрөөр хэлбэл, хот дагуулсан үйлдвэрүүд нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг эртнээс л ярьсаар л ирсэн. Гэвч энэ нь биеллээ олоогүй, үйлдэл болж хэрэгжихгүй одоо ч энэ тухай ярьсаар. 2016 онд Орхон аймгийн Бор-Өндөр хотод Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн “ Зэс хайлуулах үйлдвэр”-ийн ТЭЗҮ бэлэн болж 2018 онд ашиглалтад оруулах тухай тэр үеийн Засгийн газар ярьж байсан. Гэвч өнөөдөр энэ ТЭЗҮ цаасан дээр үлдэх үү, бодит хөрсөн дээр бууж үйлдвэрээ барих уу гэдэгт асуудал үүсч удааширчээ. Учир нь ТЭЗҮ боловсруулалтыг хоёр гурван жилд хийчихдэг зүйл биш дор хаяж арав орчим жилийн судалгаа шинжилгээ хийж байж боловсруулдаг гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-гээр үйлдвэрээ барьчих боломж энэ Засгийн газарт бий ч хүсэл үгүй бололтой. Харин “Оюу толгой”- н гүний уурхай ашиглалтад орсон энэ өдрүүдэд уг уурхайн зэсийн баяжмалд түшиглэн “Зэс хайлуулах үйлдвэр” барих тухай хүчтэй яригдаж байна. Гэхдээ Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд баяжуулах үйлдвэр ялангуяа зэс хайлуулах үйлдвэр барих тухай нэг үг,өгүүлбэр байхгүй гэдэг. Тэгвэл одоогийн Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай “Санамж бичиг” байгуулан Зэс хайлуулах үйлдвэр барих болсон талаар эх сурвалж хэлж байна.
"Уулын буга хараад унасан бухаа хаяна"гэгчээр Монгол Улсыг 60,70 жил тэжээсэн ууган үйлдвэрээ үл тоож байна уу гэсэн хардлага төрж буй юм. Энд “Оюу толгой”-д зэс хайлуулах үйлдвэр барина гэдгийг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг энд нийлүүлж хайлуулах дүр зураг харагдаж байна. Энэ нь нэг хөрөнгө оруулагчаас хараат байдалд Монголын уул уурхай бүхэлдээ орчих юм биш биз гэсэн хардлага төрж буйг нуух юун.
ГАЗРЫН ХЭВЛИЙГЭЭС ГАРГАЖ ИРСЭН ЭРДЭС БАЯЛАГТАА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХ НЬ ЧУХАЛ
Эрдэнэт үйлдвэрийн стратегийн ач холбогдол бүхий талбай Хужир, Могой, Цагаанчулуут, Шанд талбайн нөөц нэмэгдэх боломжтой бөгөөд эдгээр талбайд тогтмол, тасралтгүй хайгуулын ажиллагааг явуулж байгаа аж. Манай улс нь эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага. Харин бусад улс болох Канад, Өмнөд Африк, Хятад зэрэг орнууд нь газрын хэвлийгээс гаргаж ирж буй байгалийн баялгаа маш сайн боловсруулж, нэмүү өртөг шингээж чаддаг бол манайх энэ үзүүлэлтээр маш тааруу. Тиймээс газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь чухал. Энэ талаар ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс нь олборлолтоос боловсруулалтад шилжинэ гэж тодорхой заасан байдаг. Бусад улс зэсийн салбарт маш ихээр хөрөнгө оруулалт хийж байна. Жишээлбэл, Канад улс 2022 онд төсвийн өртөг дээрээ 3.8 тэрбум канад доллар буюу гурван тэрбум орчим ам.долларыг чухал ашигт малтмал болох критик минералд хайгуул, олборлолт, боловсруулалтад зориулахаар болсон байна.
Дэлхийн 34 орчим улсыг хамруулсан критик минералын жагсаалт бий. Энэхүү чухал ашигт малтмалд зэс ордог. Зэс бол эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал. 2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ жагсаалтын эхний долдугаарт манай улс орсон. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Ингэснээр Монгол Улс зэсийн салбарт тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 57 (7042)