Т.САЙХАН

Нотлох баримт шинжлэх судлах гурав дахь удаагийн сонсгол үргэлжилж байна.  УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы компани "Буян" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ есан жилийн хугацаанд төлөөгүй байгаа аж. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - "Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл 9 жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. 

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: - Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй. 

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:- Шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 14 тэрбум төгрөгийн зээл одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна. Монголын ард түмний гадаадад бонд босгож, өр тавьж бий болгосон зээл. Үүнийгээ та төлөхгүй юм уу гэсэн ганцхан асуулт асууж байна.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү.

Голомт банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн:
- Зээлдэгч "Буян" ХХК 9 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй нь үнэн. Голомт банк бүх шатны шүүхээр дамжин маргаантай явж байгаа. Голомт банк гэрээнд заасан үүрэг хүлээсний дагуу Монголбанканд хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг төлсөн. Харин харилцагч зээлээ бидэнд төлөөгүй байна.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Та надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчихаж байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна гэлээ.  Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn