Б.ДОЛЖИНЖАВ
Нийслэлийн хүн амын энэ оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Энэ нөөцийн махыг энэ сарын 15-наас буюу лхагва гарагаас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм.
Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолсон юм.
Тэрбээр “Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байна” гэв.
Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр гуравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14819 төгрөгийн үнэ ханштай байна. Үүнийг нөөцийн махтай харьцуулахад 4120 төгрөгөөр илүү байгаа юм. Мөн хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хар хорин” худалдааны төвүүдэд 9500 төгрөг, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна. Тэгэхээр нөөцийн хонины мах “Хүчит шонхор” захаас 900 төгрөгөөр, “Саруул” захаас 7200 төгрөгөөр хямд байгаа юм.
ҮХРИЙН МАХ 3000 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Үүнтэй холбогдуулан “Зууны мэдээ” сонин сүүлийн гурван жилийн хугацаанд хаврын нөөцийн махны үнэ хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. Үхрийн мах өнгөрсөн оноос 1800 төгрөгөөр, 2021 оноос 3000 төгрөгөөр өсчээ. Мөн хонины мах өнгөрсөн оноос 300 төгрөгөөр, 2021 онтой харьцуулвал 1900 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны мах өнгөрсөн оноос 700 төгрөгөөр буурч, 2021 оныхноос 200 төгрөгөөр өссөн буюу үнийн хувьд хамгийн хэлбэлзэл багатай нь байгаа юм. Тодруулбал, үхэр, хонины мах өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 300-3000 төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн хоёр оны хаврын нөөцийн махны мэдээллийг задлан уншигчдадаа хүргэе. Хаврын хэрэгцээнд зориулж өнгөрсөн онд 23 аж ахуйн нэгж, 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэн, гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргаж байлаа. Үнийн хувьд үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах 8300, ямааны мах 7100 төгрөгийн үнэтэй байв. Тухайн үедээ томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 30 хувь, ямааны ястай мах 23 хувиар хямд үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулна гэдгээ Засгийн газар мэдээлж байсан билээ.
Харин 2021 онд гуравдугаар сарын 26-наас нөөцийн махыг худалдаалж эхэлсэн. Тухайн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийж, 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлж байлаа. COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700, ямааны махыг 6200 төгрөгөөр борлуулсан байдаг. Ийн сүүлийн гурван жилд нөөцийн үхэр, хонины махны үнэ тогтмол өсч, ямааны мах буурчээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)