С.УЯНГА
Айл өрхийн цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэмж авдаг. Гэтэл иргэдийн зүгээс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхинаас цахилгаан авч хэрэглээгүй байтал яагаад нэмэлт төлбөр төлөх ёстой гэж бухимдах нь элбэг. Тодруулбал, бид цахилгааны төлбөр дээрээ сар бүр тодорхой хэмжээний нэмэгдлийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэдэг үндэслэлээр төлөхдөө нэг квт-ыг нь 0.18 ам.доллар буюу 18 цeнтээр тооцон төлж байгаа юм. Уг нь анх 2007 онд хуульчлахдаа Засгийн газрын тусгай сангаас төлдөг байсан бол 2015 онд хуулиа өөрчлөхдөө иргэдийн цахилгааны тариф дээр нэмж оруулжээ. Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлтөөр төлбөрийн хэмжээ нь автоматаар өсөх зохицуулалттай. Энэ талаар мэргэжлийн хүн “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэдэг хэн нэгнийг дэмжээд, ивээн тэтгээд өгөөд байгаа мөнгө биш. Нар, салхи, усны эх үүсгүүрээр үйлдвэрлэгдэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний төлбөр юм” гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, айл өрх, албан байгууллагын хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 10 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа учраас нийтээр нар, салхи, усны эрчим хүчийг ашиглаж байна гэсэн үг. Тэрхүү дэмжих тарифаар цугларсан мөнгө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа газруудад хуваарилагдан очиж байгаа юм.
Монгол Улсад нар, салхины есөн эх үүсвэр бий. Эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 10 гаруй хувийг сэргээгдэх эх үүсгүүрүүд эзэлж, цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг үйлдвэрлэж байна. Манай улс нийтдээ 282.6 мегаваттын чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй. Үүнээс 155 мегаватт нь салхи, 105 нь нарны цахилгаан станцынх юм. Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд баталж 2019 онд өөрчлөлт оруулахдаа үнэ тарифыг шинэчлэн баталжээ. Ингэхдээ салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх нэг кВтц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар буюу өнөөгийн байдлаар 160-190 төгрөг, 2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл байхаар тогтоожээ.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг. Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд дөрвөн төгрөг байхаар тогтоожээ.Харин өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4 хувийг эзлэхээр байгаа аж. Энэ нь айл өрхийн цахилгааны төлбөрийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй.
Тухайлбал, нийт 48 мянган төгрөгийн цахилгааны төлбөрт 7800 төгрөгийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэлбэрээр төлж байгаа юм. Гэтэл дэлхийн олон улс оронд байгалийн баялагийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих төлбөр буюу “ногоон” тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Бидний цахилгааны төлбөрт тусгасан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болох юм. Уул уурхайг хэдэн жилийн дараа ухаж гаргаад дуусна.
Харин ашиглах боломжтой нь нар, салхины эрчим хүч байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг мэдрэмтгий арван улсын нэг. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их “хувь” нэмэр оруулж, хүлэмжийн хий ялгаруулж байгаа салбарыг эрчим хүч тэргүүлдэг. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын 70 орчим хувь нь эрчим хүчнээс үүдэлтэй. Ийнхүү дэлхий нийтийн асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулахад эрчим хүчний салбар хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тиймдээ ч байгаль дэлхийгээ ногооноор нь авч үлдэхийн тулд Монгол Улс нүүрсний эх үүсвэр биш сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Олон улсын жишгээс харвал, Дани улс эрчим хүчнийхээ хэрэглээний 45-51 хувийг салхины эрчим хүчнээс хангадаг. Норвеги улс 10 гаруй жилийн дараа гэхэд сэргээгдэх эрчим хүчний орон болох зорилт тавиад байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 50 (7035)