Т.САЙХАН

Авлигын эсрэг шүгэл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мэдээлэл хийв.  ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Иргэдийн зүгээс авлигын эрсдэлтэй  мэдээллийг хүргэвэл иргэн өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг бүхий л талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой. Ийнхүү шүгэл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэж байна.  Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ. 
Мөн тэрбээр "Транспэрэнси интернэшнл байгууллага хийсэн олон судалгаа болон Монгол Улсад хийсэн судалгаанаас гардаг томоохон үзүүлэлт бол авлигын талаар мэдээлэх нь хамгийн үр дүнтэй тэмцэл гэж хэлдэг. Гэхдээ мэдээлдэггүй шалтгаан нь тухайн мэдээлснээс үүсэх үр дагавраас айдаг. Үр дагавар гэдэг нь хуулийн хариуцлага, хувь хүнд ирэх дарамт шахалт зэрэг олон төрөл байж болно. Манай улсад гэрч, хохирогчийг хамгаалах хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  Иргэдийн дунд болгоомжлох асуудал байна. Тухайлбал, энэ хэргийг илчилснээр надад болон цаашдын карьерт сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол. Нэрээ нууцалж мэдээлэл өгөхийг хүсэж буй иргэдтэй хамтарч ажиллахад бэлэн. Шуудангийн хаягаар мэдээлэл авч байгаа нь нэрээ нууцалж баримт бичиг өгөх иргэдтэй хамтарч ажиллах зорилготой. Нэрээ нууцлахгүйгээр мэдээлэл өгч буй иргэдийн нууцыг чанд хадгална" гэв.
Шүгэл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт хэн хэн багтав

Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна.  Ажлын хэсэгт, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар багтжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 50 (7035)