Т.САЙХАН

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн буюу сүүлийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлыг ярих юм байна. Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар " Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, гадаадаас валют оруулж ирэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан. Мөн Хөгжлийн банкны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс илүү  зориулалт бусаар зарцуулдаг асуудлыг таслан зогсоох, зөв горимоор нь ажиллуулах нь маш чухал. Тиймээс Хянан шалгах Түр хорооноос шинжээчидтэй хамтран нэгбүрчлэн шалгаж ажиллаж байгаа. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж гурав дахь удаагийн сонсголоор нээлттэй ярина. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн Банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгож, олон улсад дахин бонд гаргахад амжилттай хөрөнгө оруулалт татах болно” гэж онцлов.

Эх сурвалж:www.polit.mn