Т.САЙХАН

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өчигдөр болж, тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож өнгөрсөн онд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, үндэсний хорооны гишүүдэд үүрэг, чиглэл өгөв.


Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох талаарх илтгэлийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар танилцууллаа. Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов.  


Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн. Гэхдээ цаашид жендэрийн эрх тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо баримтуудаар тодотголоо.


Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцолж байв. 


Тэрбээр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна” гэлээ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)