Б.ОД
100 Mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн.
Тус төслийг Монголд хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт цацагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой гэж үзэж буй.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Испани улсын Барселон хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн үүрэн холбооны конгресс /MWC 2023/-т оролцож байна. Энэ үеэр “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Райн Гүүднайтай уулзжээ.
Уулзалтаар тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд үнэгүй интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм.
Эх сурвалж:www.polit.mn