Б.Нямсүрэн

Орос Украины асуудлаар БНХАУ байр сууриа илэрхийлсэн 12 зүйл бүхий мэдэгдлийг гаргасан нь олон улсын анхаарлын төвд байна. Энэхүү мэдэгдлийг олон улс хэрхэн хүлээж авч байгаа болон мэдэгдлийн агуулга болон ач холбогдлын талаар хятад судлаач Х.Баатархүүтэй ярилцлаа. 

 

-БНХАУ-ын дэвшүүлсэн энэхүү албан мэдэгдлийн агуулгыг та манай уншигчдад товчхон тоймлохгүй юу?
-Энэ оны хоёрдугаар сарын 24-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн үүргийг түр хамаарагч Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь гэсэн энэ мэдэгдлийг НҮБ-д танилцуулсан. Энэхүү мэдэгдэл нь 12 заалттай. Миний хувьд онцлох хэд хэдэн заалтуудыг дурдъя. Хамгийн эхний заалт нь дэлхийн улс орон бүр НҮБ-ын үндсэн дүрэм, нийтээр дагасан олон улсын гэрээ эрх зүйд заасны дагуу бие биенийхээ эрхийг хүндэтгэн үзэх тухайд онцолсон. Бүх улс үндэстэн их бага, буурай ядуу, баян чинээлгийг үл харгалзан эрх тэгшээр хангаж олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүгд хамтаараа сахин биелүүлэх ёстой. Аль нэг улс нь дабль стандартыг хэрэгжүүлж болохгүй” гэж заасан байгаа юм. Хоёрдугаарт урьд нь томъёологдож байгаагүй, нэлээд шинэлэг заалтыг тусгасан. Энэ нь “Бид хүйтэн дайны үзэл санаагаа орхих хэрэгтэй” гэж заасан байсан. “Аливаа улс орон бусдын аюулгүй байдлыг бусниулах арга замаар өөрийн улсын аюулгүй байдлыг хангаж болохгүй” гэж үзсэн. Гуравдугаарт, “Дайны галыг зогсоож дайныг зогсоох ёстой” гэсэн нь их чухал санаа. Үүнийг задлаад үзэхэд үндсэндээ “Аливаа дайнд ялагч байхгүй ээ” гэдгийг томьёолж хэлсэн байна. Дөрөвдүгээрт, өөр нэг чухал зүйл онцолсон нь “Украины асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ юм” гэж хэлсэн. Мөн улс орнууд хүмүүнлэгийн чиглэлээр авч байгаа арга хэмжээгээ улам нэмэгдүүлэх, энгийн иргэд, хүүхэд, хөгшид, дайны олзлогсдыг хамгаалахад идэвхтэй ажиллахад бусад оронд уриалсан. Дайны хөлд нэлээн нэрвэгдэж байгаа Европын хамгийн том Атомын цахилгаан станц болох Запорожийн цахилгаан станцын аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг байгууллагууд онцгойлон анхаармаар байна гэж үзсэн байна. Мөн өнөөгийн дэлхий ертөнц хэтэрхий их зэвсэглэлээр хөөцөлдөж байгаад бүгд анхааръя гэж уриалсан. Сүүлийн жилүүдэд цар тахлаас үүдсэн эдийн засгийн сааралтыг багасгах, олон улсын худалдаа эдийн засаг, тээвэр ложистикийн үйл ажиллагаанд голлон анхаарахыг мөн уриалсан. 


-Олон улсын хувьд энэхүү санаачлагыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа энэ санаачлагын талаар байр сууриа илэрхийлсэн байсан. Тэдний хувьд “Украины хямралыг шийдвэрлэхэд Хятад улс зуучийн үүрэг гүйцэтгэх гэсэн санаархал гэж үзэж байна. Хятад улс зуучийн үүрэг гүйцэтгэхэд тохиромжгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон Германы канцлер Олаф Шольц нар “Уг санаачилгыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ бас хоёр гурван зүйл дутуу байна. Жишээ нь, ОХУ Украины нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн гаргахыг энэ бичиг баримтад заагаагүй байна. Энэ тал дээр жаахан сэтгэл дундуур байна” гэсэн ижил утгатай байр суурь илэрхийлсэн байна. Яг энэ бичиг баримтыг олон нийтэд танилцуулах үед БНХАУ-ын топ дипломатч, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны тамгын газрын дарга Ван И Итали, Унгар улсуудад айлчлаад Мюнхенийн олон улсын аюулгүй байдлын хуралд оролцсон. Түүний дараа хамгийн сүүлд ОХУ-д айлчлал хийсэн. Ван И-ийн хувьд “Дайнд ялагч гэж байхгүй. Бид яриа хэлэлцээгээ улам ойртуулах хэрэгтэй. Яриа хэлэлцээний шугамаар энэ бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн хэлсэн байсан. 


-Энэхүү мэдэгдлийг ОХУ болон Украины тал хэрхэн хүлээж авч байгаа бол?
-ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “БНХАУ-ын байр суурийг анхааран  үзэх болно. ОХУ БНХАУ хоёр улсын харилцааг илүү өргөжүүлэх, ахисан түвшинд гаргах чиглэлд энэхүү санаачилгын хүрээнд яриа хэлэлцээ дахиад үргэлжилнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ санаачилгыг гарсны дараа Украины Ерөнхийлөгч Зеленский байр сууриа тодорхой илэрхийлсэн байна лээ. “Бид энэ мэдэгдэлд дурьдагдсан санаачилгуудыг анхааралтай бас талархан хүлээж авч байна. Би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахыг хүсэж байна” гэж сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна лээ.


-Украины асуудлаар зуучийн үүрэг гүйцэтгэх санаачлага гарсан нь анх удаагийнх биш. Өмнө нь Туркээс ийм санаачилга гарч байсан. Тэгэхээр энэ удаагийн санаачилга хэр үр дүнтэй байх бол. Ер нь БНХАУ Украины асуудалд зуучийн үүрэг гүйцэтгэх боломжтой юу? 
-БНХАУ-ын хувьд Оростой ч, Украинтай ч найрсаг сайхан харилцаатай. Тэр утгаараа энэ санаачлага үр дүнтэй байх боломжтой. Урьд нь Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган болон  Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар яг ийм зуучийн үүрэг гүйцэтгэх санаачилгууд дэвшүүлж байсан. Гэхдээ одоогоор ажил хэрэг болоогүй байна. Харин В.Зеленскийн зүгээс Ши Жиньпинтэй уулзахаа илэрхийлж байна гэдэг нь хэрэгжих магадлалтайн дохио юм. Мөн энэ оны тавдугаар сарын эхээр БНХАУ-ын дарга  Ши Жиньпин ОХУ-д айлчлал хийх төлөвлөж байгаа. Ван И-гийн энэхүү айлчлал Ши Жиньпин даргын айлчлалын бэлтгэлийг хангах нэг зорилготой гэж үзэхээр байна. Тэгэхээр энэ оны эхний хагаст, БНХАУ-ын дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй аль алинтай нь уулзах боломжтой. Эдгээр уулзалтуудын дараа БНХАУ-ын санаачлага ажил хэрэг болох эсэх нь тодорхой болох байх. В.Зеленский В.Путин нарын хувьд ямар нэг хэлэлцээ хийж урагшлах тал дээр аль аль нь улаан шугамдаа тулчихаад, урагшаа ахихгүйгээр бараг 7, 8 сар болчихлоо. Тэгэхээр энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд хоёр талд аль алинд нь төвийг сахисан харилцаатай, дэлхийн улс төр, геополитикт нөлөө бүхий зуучлагч байж үл ойлголцлыг ойртуулах байх. Гэхдээ АНУ-ын зүгээс байр сууриа арай өөрөөр илэрхийлсэн байгааг дээр хэлсэн. Тиймээс мөн АНУ-тай зөвшилцөж байж энэ яриа хэлэлцээ үргэлжлэх байх. 


-БНХАУ-ын энэхүү санаачлагыг нөгөө талаас харвал, геополитикийн энэ эгзэгтэй үед өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэх, байр сууриа батлах бодлого гэж олон улсад дүгнэж байх шиг?
-Би ч бас тэгж харж байна. 2019 оноос эхэлсэн цар тахал, Орос, Украины хямрал гээд сүүлийн гурван жил дамнасан энэ байдал дэлхийн геополитикт нэлээд гацсан, хөшүүн байдлыг бий болгоод байгаа. Тэгэхээр олон улсын харилцааны энэ эгзэгтэй цаг үед БНХАУ-ын зүгээс гадаад харилцаагаа идэвхжүүлэх, өөрсдийн байр сууриа идэвхтэй байдлаар харуулахыг хүссэн үйлдэл гэж харж байна. 


-Энэ санаачилга хэрэгжвэл Монголд ямар байдлаар нөлөөлөх бол?
-Эдийн засгийн утгаараа ОХУ-д үзүүлж байгаа санкц бол Монгол Улсын эдийн засаг ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Дээрх мэдэгдлийн санаачлагад “НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр аль нэг улсад эдийн засгийн хориг тавих нь буруу” гэсэн агуулга байгаа. Шууд нэр зааж хэлээгүй ч аль улсыг хэлсэн нь бараг тодорхой уншигдаж байна. Энэ утгаараа хэрэв ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг багасвал манай улсад эерэг нөлөө үзүүлнэ. Дээрх асуудлаас болоод манай улсаар дамжих Хойд Европ руу чиглэсэн Хятадаас эхлэлтэй экспортын ачаа бараа, тээвэр ложистик багасаж байгаа. Мөн Монгол Улсын нутаг нутаг дэвсгэрээр дамжих агаарын тээврийн урсгал багассан зэргээр эдийн засгийн агуулгаараа бидэнд дам дамаа нөлөөлж байгаа. Магадгүй энэ санаачилга ажил хэрэг болоод хоёр талын харилцаа сайжирч, яриа хэлэлцээний шатанд хүрээд ирэхээр зарим нэг хориг арга хэмжээ буурч, энэ нь эдийн засгийн утгаараа Монгол Улсад эерэгээр нөлөөлөх боломжтой. Мөн улс төрийн утгаараа ч Монгол Улс ОХУ-тай ч, Украинтай ч өргөн сайн харилцаатай. Тэгэхээр манай улсын хувьд энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд мөн л чухал үр дүнтэй гэж харж байна. 


-Барууны хэвлэлээр БНХАУ ийм мэдэгдэл гаргасныг өмнөх өдөр нь НҮБ-д болсон Украины эсрэг түрэмгийллийг зогсоох санал асуулгад түдгэлзсэн санал өгсөнтэй холбон тайлбарлаж байна. Ингэж дүгнэх нь хэр бодитой вэ?
-НҮБ-ын санал хураалт хоёрдугаар сарын 23-нд болсон. БНХАУ энэ  байр сууриа тодотгосон санаачлагаа 24-ний өдөр зарласан. Геополитикийн утгаар нь харвал Хятад улсын энэ байр суурь дээр аль нэг улсыг тухайлан заагаагүй, буруутгаагүй. Тэгэхээр БНХАУ-ын хувьд Орос, Украины асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаагаа өмнө ч илэрхийлж байсан, энэ санаачлага дээр ч тэр нь хэвээр байгаа нь харагдаж байна. Тийм учраас төвийг сахисан энэ байр сууриа хадгалж “түдгэлзсэн” санал өгсөн байх.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)