Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. Түүний ярьсныг тоймлон буулгав.

 

Оюу толгойн гэрээний тухайд “Рио Тинто”, “Туркойз Хилл групп” буюу хөрөнгө оруулагч тал буулт хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд, тухайлбал, Оюу толгой Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэлээ гэсэн. Энэ өр үүсчихлээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулах ямар ч боломжгүй болчихсон. Ийм л байдалтай л гацаа үүсээд бараг арваад жил үргэлжилсэн. Улс төрийн хамгийн халуун сэдэв байсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам долларын өр тэглэснээр манай 34 хувь одоо 0 баланс дээр шилжээд, анх Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн өдөр дээрээ буцаад авчирч байна л гэсэн үг. Одоо гүний уурхай хийгдэж байгаа нь тэр 2.3 тэрбум ам.долларын өр төлөгдчихсөн учраас хийчихэж байгаа юм. Цаашаа өгөөж нь нэмэгдэнэ. Гүний уурхай гуравдугаар сарын 13-ны өдөр нээгдэнэ. Энэ бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ. Экспорт маань огцом нэмэгдэнэ. 2027 оноос хойш манай ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжтой болж эхэлнэ. Ер нь бидний хувьд ирээдүй гэрэлтэй л тал руу явж байна гэсэн үг. Яах вэ, мэдээж өнөөдөр бид Оюу толгой, Хөгжлийн банк, Тавантолгойн асуудал болоод л байна. Ингэж засаж байна. Засаж байгаа учраас дандаа л эерэг үр дүн авчирч байгаа. Оюу толгойн хувьд ч маш эерэг үр дүн гарч ирж байна. Хоёр дахь нь Дубайн гэрээтэй холбоотой санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалж дуусгавар болгосон. За бас Оюу толгойг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын хэлцлийг энэ ондоо багтааж хийнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин