Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель

2022 оны 2-р сарын 24-ний өдөр бол ОХУ Украин руу харгис хэрцгийгээр, ямар ч үндэслэлгүй, хууль бус халдлага эхлүүлсэн өдөр хэмээн хүн төрөлхтний түүхэнд үүрд хараар бичигдэх болно. Энэ нь орчин цагт байж боломгүй  эзлэн түрэмгийлэл төдийгүй НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн гэсэн   дүгнэлт өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна.  Дарангуйллын харанга дэлдсэн энэхүү үйл явдал нь "зөвхөн Европын асуудал" биш, "Барууны эсрэг бусад улсууд"-ын асуудал бүр ч биш, харин бид бүгдийн амьдрахыг хүсдэг дэлхий ертөнцийн тухай эмзэг асуудал юм. Цөмийн зэвсэг хэрэглэх эсвэл Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс хууль бусаар хүч хэрэглэх нь ямар нэгэн байдлаар "хэвийн" хэмээн тооцогдох ертөнцөд хэн ч аюулгүй оршин байх боломжгүй бөгөөд . эрх мэдэл, хүч чадал ашигласан улс төр, айлган сүрдүүлэлт, цэргийн дайралтаас хүн бүрийг хамгаалахын тулд хаа сайгүй олон улсын хууль, дэг журмыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бодит цаг үе ирээд байна.

Энэ дайн эхлэснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа, хүмүүс дайны гэмт хэрэг, харгис хэрцгий байдлын дүр төрхийг хэтэрхий олон удаа харж дасал болох; бидний хэрэглэдэг үгсийг байнга давтах хэрэгтэй болсон учраас ач холбогдлоо алдаж эхлэх; мөн цаг хугацаа өнгөрч, бидний хийх ёстой ажилд саад тотгор үүссээр байгаа учраас бид туульдаж, зарим онцгой шийдвэрээ сулруулах зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулж байна.

Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч, хүчирхийлэгчдэд бууж өгч болохгүй. Учир нь Орос улс НҮБ-ын дүрмийг өдөр бүр зөрчиж, империалист бодлогоороо дэлхий нийтэд буруу үлгэрлэл үзүүлж байгаа нь дэндүү харамсалтай.  Орос улс өдөр бүр гэм зэмгүй Украин эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийг хөнөөж, тус улсын хотууд болон иргэний дэд бүтэц рүү пуужингууд харвасаар байна. Орос улс өдөр бүр худал хуурмаг, зохиомол мэдээллүүдийг тараасаар байна.

Европын Холбоо болон бидний түншүүдийн хувьд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх, дэлхийн бусад улс орнуудад сөрөг үр дагаврыг даван туулахад нь туслах гэсэн “гурвалсан стратеги”-ийг баримтлахаас өөр аргагүйд хүрээд байгааг дуулгая.  

Бид энэ стратегийг нэг жилийн турш хэрэгжүүлж байгаа бөгөөд алхам алхамаар амжилтанд ч хүрсээр байна. ОХУ-ын эсрэг урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хориг арга хэмжээ авч, тус улсын шатмал түлшнээс хамаарах өөрсдийн хараат байдлыг бууруулснаас гадна гол түншүүдтэйгээ нягт хамтран ажилласнаар Кремль өөрийн эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогыг 50 хувиар бууруулж чадлаа. Мөн “Эв санааны нэгдэл” /Solidarity Lanes/ болон “Хар тэнгисийн үр тарианы санаачилгын” /Black Sea Grain Initiative/ ачаар хүнс, эрчим хүчний үнийг бууруулснаар бид хамтдаа дэлхий даяар тархаад буй дайны сөрөг нөлөөлөл, ОХУулсын хэт давамгайллыг  сулруулсан гэж үзэж болохоор үр дүн харагдаж байна.

Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байгаасай гэж бид ярих төдий байр суурьтай байх нь хангалтгүй болсон. Тиймээс  Украинд  өөрийгөө хамгаалах арга хэрэгсэлийг нь бэхжүүлэхэд энх тайвныг хүсэгч улсуудын тусламж дэмжлэгийг хүргэх хэрэгтэй.  ЕХ түүхэндээ анх удаа халдлагад өртөж буй улс оронд иргэдээ хамгаалахад нь зэвсэгийн тусламж үзүүлсэн.  Мөн бид Украины ард түмнийг дэмжихийн тулд санхүүгийн болон хүмүүнлэгийн томоохон тусламж үзүүлсээр байна. Мөн  бид Украины ЕХ-нд элсэх хүсэлтэд нааштай хариу өгөхөөр шийдсэн нь бага ч гэсэн дэмжлэг болно гэж үзсэн болно Дайнаас хэн нь ч хождоггүй тул энэ бүх асуудлыг үүсгэсэн ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Украины ард түмэн төрж өссөн нутаг, эх орныхоо төлөө эзлэн түрэмгийллийг гайхалтайгаар тэсвэрлэж, нэгдмэл байж, хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгааг хөндлөнгөөс хараад чимээгүй суух нь өөрөө ч дайныг дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг хэн нэгэнд төрүүлэхгүй гэж үү.  НҮБ-ын Ерөнхий Ассамблей дахь дийлэнх улс орнууд ОХУ-н энэ үйлдлийг буруушааж олон улсын хориг арга хэмжээ авснаар ОХУ улам бүр бусдаас тусгаарлагдах болсон юм.  Ардчилсан Украин улс ялан дийлж, эзлэн түрэмгийлэгчийг нутгаасаа хөөн гаргаж, бүрэн эрхт тусгаар байдлаа сэргээн, үүнтэй зэрэгцэн олон улсын хууль ёсны дэг журмын хэрэгжилтийг сэргээх олон улсын эрхэм зорилго хэвээр байна. Украин улсыг дэмжих болон энх тайвны төлөө зүтгэх нь хоорондоо салшгүй холбоотой үйл хэрэг юм.

Оросын хууль бус түрэмгийлэл амжилтанд хүрсэн бол үр дагавар нь дэлхий дахинд нөлөөлөн тархах байлаа. Ази тивд гэхэд Өмнөд болон Зүүн Хятадын Тэнгис, Тайванийн Хоолой болон Азийн бусад бүс нутгийн халуун цэгүүдэд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс ч Европ болон түүний Ази Номхон далайн бүс нутаг дахь түншүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүйн зарчмыг НҮБ-ийн индэр дээр болон бусад талбар дээр Азийн олон улс орнууд дэмжих нь нэн чухал байсаар ирсэн билээ.

Нөгөө талаас нь авч үзэхэд, ЕХ нь зөвхөн Украинд гэлтгүй бүх улс орнуудад олон улсын хууль дэг журмыг сахин биелүүлэхийг бүрэн дэмждэг энхтайванч үзэл баримтлалаа дээдэлсээр байх болно.

ОХУ-ын дээрх үйлдэл нь хоол хүнс, эрчим хүч, бордооны салбаруудад үүссэн эдийн засгийн цочролын шалтгаан болсон гэдгийг бид тодорхой хэлэх хэрэгтэй. Бид хүнсний бүтээгдэхүүн, бордоог ЕХ-ны хориг арга хэмжээнээс үргэлж чөлөөлсөөр ирсэн бөгөөд ямар нэгэн хүсээгүй үр дагавар үүсэх эсэхийг анхааралтай хянан ажиллаж байна.

Том агуулгаар нь харах юм бол, Оросын түрэмгийлэл нь Европ, Азийн аль алинд нь хэт хараат байдлаас зайлсхийх шаардлагатай байгааг онцлон харууллаа. Бид илүү уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, өөрсдийн ардчиллыг хамгаалах, тогтвортой сэргэлт, ногоон шилжилтийг хангах, түүнчлэн нийгмийн эв нэгдлийг сайжруулахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна.

Түүх болон шударга ёс Украины талд байна. Гэхдээ түүхийн өрнөлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд бид "гурвалсан стратеги"-ээ эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ бол хамтын ажил гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас ЕХ нь энэхүү түрэмгийлэл дуусгавар болж, олон улсын хууль дэг журам ялахын төлөө бүх түншүүд хамтдаа нэгдмэл хариуцлагатай, эв нэгдэлтэй байна гэдэгт найдаж байна. Энх тайван л дэлхийг аврана гэдэгт итгэдэг хүн бүхэнд хамаатай асуудалд анхаарал хариуцлагатай хандахыг хичээнгүйлэн хүсье.

Дайн яг одоо ч үргэлжилсээр л байна.

Эх сурвалж:www.polit.mn