Хүрэлсүхийн МӨНХЖАРГАЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Солонгос улсад энэ сарын 13-17-ны хооронд албан ёсны айлчлал хийлээ. Түүний тодорхойлсноор солонгон өнгөт энэ оронд монголчууд суралцаж, ажиллаж хамгийн олноороо оршин суудаг, аялж, эмчлүүлэх журмаар байнга ирж, очдог нөхөрсөг харилцаатай улс билээ. Тиймээс иргэд энэ удаагийн айлчлалаас сайн мэдээ чих тавин хүлээж байсан юм.
МОНГОЛ СУРГУУЛИЙН СУРАГЧИД БОЛОН ЭНД СУРЧ, АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хот дахь монгол сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, сурагч хүүхдүүдтэй уулзаж, тэдний бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. 1999 онд байгуулагдсан тус сургууль 24 багш, 342 сурагчтай.
Ерөнхий сайд монгол хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нээж, 24 жил тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн монгол сургуулийн үүсгэн байгуулагчид болон багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Гадаад улсад ч үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн “Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой бол Монголын баялаг юм гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.
Монгол сургуулийг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Юү Хэ Гын Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сургуулиар зочилсонд талархаж хэлсэн үгэндээ “Би та бүхнээс юу ч хүсэхгүй. Гэхдээ манай сургуулийн хүүхдүүд Ерөнхий сайд тань шиг эх орондоо хэрэгтэй хүн болж, салбар бүрт шилдэг нь байгаасай гэж мөрөөддөг. Солонгос улсад монгол хүүхдүүд сурдаг тухай үргэлж санаж яваарай. Би энэ сургуулиа байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллахдаа аз жаргалтай байсан. Энэ насаа дуустал, дахин хүн болж мэндэлвэл монгол хүүхдүүдийн төлөө ажиллах болно. Би Монгол оронд, монголчуудад, монгол хүүхдүүддээ маш их хайртай” гэсэн юм.
Монгол сургуулийн багш, ажилтнууд солонгост ажиллаж буй хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Үүний дараа БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд болон холбогдох албаны хүмүүс тэдний хүсэлт, асуудал бэрхшээлийг сонсч, санал солилцсон юм. Өнөөдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 53.032 иргэн сурч, ажиллаж, амьдарч байна.
МОНГОЛ, СОЛОНГОСЫН 200 ОРЧИМ БИЗНЕСИЙНХЭН СӨҮЛД УУЛЗАВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “КТ” группийн “IDC” мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаар хоёр дахь өдрийн арга хэмжээ эхэлсэн юм.
Энэ айлчлалын гол арга хэмжээ болох Монгол, Солонгосын бизнес форумд Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан энэхүү форумд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо.
Энэ үеэр Шунхлай холдинг, захирлуудын зөвлөлийн дарга П.Батсайхан “Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Монголын төдийгүй Солонгосын эдийн засгийн томоохон төлөөлөлүүд болсон компаниудын захирлууд уулзлаа. Энэ үеэр бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
“Шунхлай” группийн тухайд өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд "Хьюндай", "Киа моторс" компаниудын албан ёсны дистрибьютерээр ажилласан. Сүүлийн жил гаруйн хугацаанд ая тухтай сүлжээ GS25 дэлгүүрийг Монголд оруулж ирлээ. Солонгост манай АПУ компанийн бүтээгдэхүүнээс борлуулагдаж эхэлсэн. Тухайлбал, Солонгосын 17 мянган дэлгүүрт Алтанговь шар айраг зарагдаж байна. Бид цахим шилжилт хөгжиж буй энэ үед солонгосчуудтай энэ тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаад судлаад явж байна” гэв.
Харин эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцож буй “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа “Энэ удаагийн форумд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоогоо төлөөлөөд оролцож байна. Эрүүл мэндийн салбарын хоёр улсын түншлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодолтой ирсэндээ баяртай байна. Энэ форумаар цаашид хамтран ажиллах, түншлэх байгууллагатайгаа танилцах зорилготой. Мэдээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, шинэ тоног төхөөрөмжтэй болох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалт олох зэргээр хувийн эмнэлгүүдэд гүүр болж ажиллах хүлээлттэй байгаа тул түншээ олж аваад буцна даа” гэсэн юм.
МОНГОЛД K POP ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа. Энэ тал дээр хамтран ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг Хууль зүйн сайд Хан Дун Хүн онцолсон.
Энэ өдрийн бас нэг сонирхолтой арга хэмжээ бол Сөүл хотноо зохион байгуулсан “Welcome to Mongolia” хөтөлбөр байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. 2023 он Монгол, Солонгосын хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээсэн жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Welcome to Mongolia” арга хэмжээнд KT group, К bank , Samsung C&T, Hyandai E&C зэрэг БНСУ-ын салбар бүрийн 200 орчим бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл, Монголын 100 гаруй бизнес эрхлэгч оролцов.
“Welcome to Mongolia” арга хэмжээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хэлсэн үгэндээ “Ирэх 30 жил Солонгос, Монголын харилцааг шинэ шатанд гарах алтан үе болно гэдэгт итгэж байна. Хоёр улсын харилцаа эдийн засгийн агуулгаар өргөжиж, эрчим хүч, аялал жуулчлал, харилцаа холбоо, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хүлээлттэй байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын 100 мянган гаруй иргэн Монгол Улсад зочилж очиж байсан. Монголын уудам тал нутаг, байгалийн үзэсгэлэнг олон мянган солонгос залуус үзэж, сонирхоосой гэж хүсэж байна” гэлээ.
Энэ үеэр сайд нарын сэтгэгдлийг сонслоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жил болж байна. БНСУ манай улстай олон талаар хамтран ажиллаж, дэмжиж тусалж ирсэн гэдгээрээ онцлог.
Монгол Улсын Засгийн газрын тухайд БНСУ-ын төрийн албаны хариуцлага ёс зүй, оновчтой бүтэц зохион байгуулалтыг судлах чиглэлд сүүлийн хэдэн жил идэвхтэй хамтран ажиллаж байна. Төрийн албаны шинэчлэлийг Солонгосын загвар чиглэлийг барьж ажиллах нь илүү ойр гэж үздэг. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд энд хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэх визний уян хатан байдлыг сайжруулах, Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах визний хөнгөлөлт гэсэн асуудлыг ярилаа. Урдчилсан байдлаар эмчилгээний зорилгоор ирэх иргэдийн визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байх шийдвэр гаргасан. Мөн хөдөлмөр эрхлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд уян хатан байя гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсаас зорчих олон удаа нэвтрэх визний төрлийг олон болгохыг шийдэхээ хэллээ. Ерөнхий сайдын тухайд монгол, солонгос иргэдийг харилцан визгүй болгох асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. БНСУ-ын тухайд 2023-2024 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж байгаа юм байна. Тэгэхээр хоёр улсын энэ бодлого харилцан уялдаж байгаа учраас эхний ээлжинд энэ хугацаанд харилцан визгүй зорчдог болох асуудлыг ярьж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хоёр талдаа хийгээд явж байна. Энгийнээр хэлбэл чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр юм. Монгол Улс Японтой байгуулсан ийм гэрээ байдаг. 5700 орчим бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү тарифийн хөнгөлөлтэй гаргадаг. Буцаагаад 8000-9000 барааг хөнгөлөлттэй үнээр Монгол руу оруулж ирнэ. Үүн шиг гэрээг Солонгосын засгийн газартай хийж ойрын хугацаанд оруулна. Мөн хөрөнгө оруулагчдыг харилцан хамгаалах, эрх ашгийг нь дэмжих хэлэлцээрийг хийж байна. Жижиг зах зээлтэй Монголд хөрөнгө оруулалт хийхэд цаашаа том зах зээл рүү гарах боломжийг нээж өгөх тусам манайд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, дараагийн 30 жилдээ харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх, иргэдийн хоорондын харилцааг нэмэгдүүлэх нь хоёр улсад чухал гэж дүгнэсэн. Иргэдийн харилцааг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх, визний нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр улс төрийн шийдвэрүүдийг гаргасан. Дараагийн шатанд визний асуудлыг хөнгөвчлөх, цаашлаад визгүй болох асуудлаар уян хатан бодлого баримталж, Монгол Улсын хүсч буй визний хөнгөлөлтийг өгөхийн төлөө байна гэдгээ БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль хэлсэн. Мөн бүтээн байгуулалтын асуудлууд болох дагуул хот, дэд бүтцийн салбар, эрчим хүчний салбар, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тодорхой саналуудыг ярьсан. Төслүүдээ танилцуулах цаашлаад яамд хоорондын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа иргэдийнхээ асуудалд анхаарч байгаагаа харуулсан нэг арга хэмээ бол монгол иргэдтэй хийсэн уулзалт байлаа. Тэдний тавьсан асуудлыг шат шатанд нь шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд даалгасан. Иргэдээс ирсэн асуудлуудыг багцлаад 10 асуудал болгоод Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр болсон. Бизнес форум маш амжилттай болж харилцан сонирхсон асуудлаар төрийн байгууллагууд мэдээлэл хийж, Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан, нэлээд анхаарал татсан айчлал боллоо гэж дүгнэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улсад анх удаа K pop фестивалийг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар боллоо. Энэ фестивальд Япон, Хятад, Монголд нэрд гарсан Солонгосын одод ирж урлагийн тоглолт хийх юм. Цаашлаад таван жилийн хугацаатай Монголыг Азийн хөгжмийн төв болгон зохион байгуулах эхлэлийг тавьж, гэрээ үзэглэлээ. Мөн аялал жуулчлалын зах зээл дээр ажиллаж байгаа Солонгосын компаниудтай уулзалт хийгээд эхэлсэн. Монголд жуулчид авчирч байгаа Монгол дахь компаниудтайгаа ч уулзаж үндсэн маршрутаа гаргаад, ариун цэврийн байгууламжаас эхлээд жуулчид ирэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэр, бодлого, хөтөлбөрүүдээ гаргаад явж байна.
Соёлын сайд Ч.Номин:
-Эдийн засгийг солонгоруулах хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах нь чухал. “Welcome to Mongolia” уриа үгэн доор соёл, аялал жуулчлал, эдийн засгийг нэгтгээд гадны хөрөнгө оруулалтыг, аялал жуулчлалыг Монголд татах нэгдсэн хөтөлбөр гаргаад явж байгаагаараа онцлог. Бусад улс орнуудад энэ арга хэмжээгээ хийж эх орноо сурталчлах хэрэгтэй байна. Бид Солонгос улстай Соёлын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд кино урлаг, дуу хөгжмийн салбар дээр түлхүү хамтран ажиллах гэж байна. Ингэснээр урлаг соёл дагасан аялал жуулчлал хөгжих боломжтой.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулахаар боллоо. Хөгжингүй орнууд Монголын газрын ховор элементийг сонирхож байгааг Солонгосын Ерөнхий сайд уулзалтын үер хэлж байсан. Япон, АНУ, европын холбооны орнууд манай газрын ховор элементийг сонирхож түүхий эдэд хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс Солонгосын тал манайхтай хамтран судлах зорилгоор судалгааны төв нээнэ. Ер нь энэ талаар хөгжсөн улсууд мэдээллээ нууцалдаг учраас бидэнд гадны Ноу Хау хэрэгтэй. Солонгосын технологийг оруулаад цаашид эрж хайх, одоо байгаа ордуудаа хөдөлгөөнд оруулах зорилготой. Гэхдээ газрын ховор элементийг үйлдвэрлээд, олборлоод, экспортод гаргахад 5-10 жилийн хугацаа хэрэгтэй байдаг.
Ийнхүү 12 жилийн дараа хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Солонгос улсад хийсэн албан ёсны айлчлал хүлээлт өндөртэй, үр дүнтэй сайтай боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаар яригдсан асуудал:
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов.
-Хөшигийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
-БНСУ руу зорчих олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор болов.
-Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтны тоог нэмнэ.
-Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
-Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
-Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)