Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Айл бүр өдөрт 5-6 ширхэг гялгар уут хэрэглэдэг байна. Тэгвэл бид хэрэглэсэн гялгар уутаа нэг килограммыг нь 850 төгрөгөөр худалдах боломжтой гэдгийг уншигч та мэдэхгүй байх.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Zero waste” буландаа гялгар уутыг худалдан авч  дахин боловсруулдаг “Пластик центр” үйлдвэрээс сурвалжлага бэлтгэлээ.
Дэлхий дээр секунд тутамд 160 мянган гялгар уут  хэрэглэгддэг байна. Харин түүний 1-3 хувь нь дахин боловсруулагддаг байна. Харин манай улс үйлдвэрлэгч орон биш учраас бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний ихэнх нь импортоор орж ирдэг. Орж ирсэн бүтээгдэхүүнүүд бүгд гялгар ууттай. 2020 оны гаалийн байгууллагын мэдүүлснээр Монгол Улсад жилдээ 400 тонн буюу 500 мянга гаруй ширхэг нийлэг уут болон уутны бэлдэц импортоор орж ирдэг байна. Өөр нэгэн судалгаа дурдахад Манай улсад дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна гэсэн тооцоо гарчээ. Үүний 75 хувийг импорт эзэлж байгаа юм. Тэгвэл хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлж байна. Айл өрхийн хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулах боломжтой байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ бид хогоо ангилж хаядаггүйгээс энэ хэмжээний хог хөрсөнд хаягддаг гэсэн үг. Тэгвэл “Пластик центр” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, хаягдал гялгар уут буюу нийлэг хаягдлыг дахин боловсруулах хуванцар хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Ийнхүү Монголдоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулан бохирын сав болон бохирын худгийн дахин боловсруулсан хуванцар иж бүрдлийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн юм. Тус үйлдвэр нь анх бүх төрлийн шон, хайс, траншейны таг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “ТЧМ” ХХК нэртэйгээр байгуулагдаж байжээ. Ингэхдээ тэд хаягдал гялгар уутыг дахин боловсруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байв.

Энэ тухай “Пластик центр” ХХК- ийн үүсгэн байгуулагч С.Чинбат “Анх аав, хоёр дүүгийн хамтаар хаягдал гялгар уут дахин боловсруулан бүх төрлийн шон хайс траншейний таг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Энэ үед компани маань “ТЧМ” ХХК  нэртэй байсан бөгөөд 2016 онд “Пластик центр” ХХК болгон өөрчилж хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм. 

 

 

ЖИЛД 780-800 ТН ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТ БОЛОВСРУУЛДАГ

 

“Пластик центр”-ийн хувьд хогийн том цэгүүд болон хаягдал худалдан авдаг жижиг цэгүүдээс гялгар уутыг худалдан авч өдөрт 4-5 тонн гялгар уутыг дахин боловсруулдаг байна. Харин жилдээ 780-800 тонн хаягдал уутыг боловсруулж эх дэлхийгээ хайрлах үйлст хувь нэмрээ оруулдаг тухайгаа хэлж байсан юм. Мөн Монголын анхны нүхэн жорлонгийн хуванцар кольцо, доторлогоо, септик танкныг үйлдвэрлэдэг байна. Энэ тухайгаа С.Чинбат “Монгол Улсад хамгийн их олдоцтой түүхий эд болох гялгар уутан дээр суурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Мөн эцсийн бүтээгдэхүүн маань ч хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн байх ёстой гэж үзэн нүхэн жорлонгийн кольцо, доторлогоо зэрэг 10-15 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн болон үйлдвэрийн хувьд монголдоо анхдагч гэдгээрээ онцлог. Мөн бүтээгдэхүүнүүдээ жилээс жилд сайжруулж, чанартай болгох тал дээр байнга анхааран ажиллаж ирлээ.  Манайх хаягдал гялгар уутыг нийслэлийн гурван том хогийн цэг, хоёрдогч түүхий эд худалдаж авдаг иргэд, үйлдвэр, аж ахуй нэгжээс түүхий эдээ бэлтгэдэг. Ер нь хуванцар кольцо гэдэг нэршлийг монголд анх бий болгож хэрэглэгчийн хүртээл болгон өнөөдрийн хүрлээ” гэсэн юм. 
Тэд өнгөрсөн хугацаанд 500 тонн орчим гялгар уут дахин боловсруулжээ. “Бохирдлоор бид бохирдлын асуудлыг шийдвэрлэнэ” уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэсэн байна. 

 

ХОГ АНГИЛАН ЯЛГАХ ЗӨВ МЕНЕЖМЕНТ ДУТМАГ 

 

“Пластик центр” ХХК хог ангилан хаях савыг “Өнгө нэмье” ТББ хамтран томоохон сүлжээ дэлгүүрүүд болон гудамжинд байршуулсан билээ. Гэвч энэ нь үр дүнд хүрч чадаагүй гэнэ. Энэ талаар С.Чинбат “Хог ангилан хаях сав байршуулсан байхад бусад хогуудтай нийлүүлж хаяж байсан. Бүр ялгах аргагүй болтол нь хийдэг байсан. Гадуур хэд хэдэн ангилж хаях боломжтой хогийн савыг байршуулсан боловч дээрх асуудлууд дахин тулгарсан. Тиймээс хог ангилан, ялгаж хаях зөв менежмент хэрэгтэй байна. Мөн иргэд маань багахан ч болов ухамсартай болоосой гэж хүсдэг” гэв. 

 

0 РҮҮ ТЭМҮҮЛЬЕ 

Саяхан дэлхийн хүн ам найман тэрбумд хүрсэн сайхан мэдээ дуулсан ч нөгөө талаараа энэ олон хүний хэрэгцээг эх дэлхий маань хангаж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Таамаглалаар 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Тиймээс 2050 он гэхэд хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийг 0 болгохгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьтдын 90 хувь нь устах, байгалийн гамшгууд 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой олон өвчлөл үүсэх аюул бидэнд ойрхон байна. Тэгвэл энэ цаг үед дэлхийн 190 гаруй орон 0 рүү тэмүүлж байгаа бөгөөд манай улс ч эдгээр улсын нэг болохоо зарласан. Гялгар уутны хэрэглээтэй холбоотойгоор 2019 онд Засгийн газраас 0.035 мм-ээс нимгэн уутыг хэрэглээнээс халах зорилгоор нийлэг уутны хэрэглээг хязгаарлах 189 дүгээр тогтоолыг баталж хэсэг хугацаанд хэрэгжсэн. Зарим иргэд будаагаа халаасандаа хийгээд явж байна зэргээр хөгжилдөж байсан үе саяхан. Тэгвэл энэ хууль удаан үргэлжлээгүй. Удаан жилийн насгүй хуулиас илүүтэй хогоо ангилж хаях боломжийг судалж ажил хэрэг болгох нь нэн тэргүүний ажил юм. 


Энэ талаар БЗД 14 хорооны Мандахнаран хотхоны иргэн Г.Халиун “Миний хувьд солонгост амьдарч байгаад саяхан Монголд ирсэн. Хогоо ангилаад тус тусад нь хаясан ч бүгдийг нь нийлүүлээд нэг хогийн саванд хаядаг. Харин сүүлийн үед хуванцар сав, гялгар уут, сүүний сав зэрэг ангилсан хогоо худалдан авдаг газруудад өгдөг болсон. Ингэснээр СӨХ-ийн мөнгө, тогны мөнгөө хогоо тушаагаад олдог болсон” гэсэн юм. 
Байр бүр иргэдтэйгээ хамтран гялгар уут, хуванцар сав зэргээ ангилж худалдвал СӨХ болон тогны мөнгөө олох боломжтойг дээрх жишээнээс харж болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)