Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-д бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхээр тогтож, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг нотлов.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцолж, хэл соёл, зан заншилын хувьд ижил төстэй зүйл их байгаа нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хөшүүрэг болж буйг тэмдэглэв.

Эх сурвалж:www.polit.mn