Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.  Өчигдөр үдээс өмнө тэрбээр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйг дурдаад энэ удаагийн айлчлалын үеэр Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх талаар талууд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. 


БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө биечлэн анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэв. 
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүнийг хүлээн авч уулзав.  Тэрбээр Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа. Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв.  БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.  
Айлчлалын үеэр Сөүл хотод Монгол, Солонгосын бизнес форум болов.  Монгол, Солонгосын бизнес форумыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас  төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо.


Энэ үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)