Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа. Энэ нь 2023 он гарснаас хойш Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн цэрэг, дайчидтай хийж буй анхны уулзалт болж байна.  Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа ангийнхаа үйл ажиллагааг Ерөнхийлөгчид танилцуулав.  Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо 8252 км урт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмж, байнгын бэлэн байдлыг шаардсан нэн хариуцлагатай алба гэдгийг онцоллоо.  Цаашид улсын хил хамгаалалтын чадавхыг сайжруулах, найдвартай байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хилчдийн нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг хэлж, амжилт хүслээ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0129 дүгээр ангид машин, техник гардуулах ёслолд оролцжээ. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дахь албан ёсны айлчлал эхэллээ. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 24 багш, 342 сурагчтай. Тус улсад  амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн “Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн нэгдүгээрт, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой Монголын баялаг юм” гэв. Сөүл дэх Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлчлалынхаа эхний өдөр сургуулиар зочилсонд талархал илэрхийлээд монгол сурагчид тав тухтай орчинд боловсрол эзэмшиж салбар бүрт манлайлагчид гаргах нь миний мөрөөдөл” гэлээ.
Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)