Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт өнгөрсөн даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны  18:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 36 мянгыг давжээ. Үүний 31 мянга гаруй нь Турк, 4500 нь Сири улсын иргэн байна.

Газар хөдлөлтийн улмаас олон тооны байшин барилга нурсан нь барилгын чанартай холбоотой хэмээн Туркийн иргэд эрх баригчдаа буруутгасан. Тэгвэл энэ шүүмжлэлийн дараахан Туркийн эрх баригчид барилга барихдаа стандартаа мөрдөөгүй гэж үзэн холбогдох хүмүүсийг баривчилж эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр чанаргүй барилга барьсан хэрэгт буруутган 134 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдээлэв.

Энэ тухай тэрбээр “Сэжигтнээр татсан хүмүүсийн гурвыг нь баривчилж, хэргийг  шүүхэд шилжүүлсэн. Долоон хүнийг хяналтдаа авч, долоог нь хилээр гарахыг хориглосон. Хэрэв барилгыг чанаргүй барьсан нь тогтоогдвол хуулийн зохих арга хэмжээг авна” гэж ярьсан байна.

Энэ удаагийн газар хөдлөлтөөс үүдэлтэй барилгын стандартыг баталж, дагаж мөрдөх талаарх сэдэв Туркт хамгийн чухалд тооцогдож байна. Учир нь газар хөдлөлт бол Туркт ховор үзэгдэл биш. Тиймээс үүнд эрх баригчид эртнээс бэлтгэх ёстой хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж:CNN