-ОХУ-ын Дипломат ажилтны өдөрт зориулав-

 

Энэхүү нийтлэлийг Орос улсад жил бүрийн 2-р сарын 10-нд тэмдэглэдэг Дипломат ажилтны өдөрт зориулав. 2002 оноос хойш мэргэжлийн баярыг тэмдэглэдэг болсноор Оросын төрт ёсны гол бүрэлдэхүүн хэсэг болох Оросын дипломат албаны олон зуун жилийн гавьяа зүтгэлийг хүлээн зөвшөөрдөг болсон юм.
Оросын дипломат алба нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1549 онд "Посольский приказ" хэмээх Оросын анхны гадаад хэргийн асуудал эрхэлсэн товчоо үүсгэн байгуулагдсанаас хойш Оросын төрт ёс төлөвшин тогтносон үе шатуудыг тодорхой тусгасаар ирсэн билээ. Манай орны дипломатын түүх нь А.М.Горчаков, А.А.Громыко, Е.М.Примаков, А.Ф.Добрынин зэрэг ахмад үеийнхний маань мэргэжлийн ололт амжилт, Аугаа их Эх орны дайны үед эх орноо хамгаалахын төлөө фронтод явсан дипломатчидын байлдааны алдар гавьяагаар дүүрэн. Оросын дипломат ёс нь өнгөрсөн үедээ хянамгай ханддагаараа онцлог ба бид бахархах ч юмтай, үлгэр жишээ авах ч олон ахмадтай.
Дэлхийн 2-р дайны дараа Зөвлөл­тийн дипломатууд орчин үеийн дэл­хийн дэг журмын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсгэн байгуулж, дүрмийг нь баталс­наар эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавих зорилготой байв. Гэвч өнөөдөр Оросын дипломат алба нь олон улсын харилцааны энэхүү түгээмэл үндэс суурийг устгах, тус байгууллагын үйл ажиллагааг улс орнуудын явцуу бүлэглэлийн зөвхөн өнөөдрийн ашиг сонирхолд захируулах гэсэн тууштай оролдлогуудтай тулгарсаар байна. Дэлхийн бүх хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг дагаж мөрдөх албагүй тогтолцоог бий болгохын тулд "дүрэмд суурилсан дэлхийн дэг журам" гэх мэт тогтолцоонуудыг зохион бүтээх гэж оролдож байна. Ийнхүү хандлага нь Барууны ноёрхогчдод "таалагддаг", "таалагддаггүй" гэсэн зарчмаар улс орнуудыг туйлшруулан хувааж, бие биеэс нь холдуулах зорилготой. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үл тоомсорлох, нэг улсыг тусгаарлах, нэг талын хориг арга хэмжээ авах зэрэг аргачлалуудыг олон улсын харилцаанд идэвхтэй нэвтрүүлж байна. Үүнийгээ фашизмын эсрэг тэмцэлд гаргасан ЗХУ болон түүний холбоотнууд, тэр дундаа Монгол Улсын эр зориг, гавьяа зүтгэлийг баллуурдаж, түүхийг гуйвуулах оролдлогуудаар бататгаж байна. Эдгээр чиг хандлагуудыг эсэргүү­цэн няцаах Оросын дипломат албаны ажил нь Оросын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй олон улсын хамтын ажиллагааны үндэс суурийг хадгалахад онцгой ач холбогдолтой болоод байна.
Барууны орнууд дипломат харил­цаанаас системтэйгээр татгалзаж байгаа нь Украинд болж буй үйл явдлууд дээр тодорхой харагдаж байна. Орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг зөр­чиж байгаад дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах гэсэн Оросын дипломатчидын уриалгуудыг олон жилийн турш илт үл тоомсорлож байв. Оросын талаас долоон жилийн турш баримталж ирсэн Минскийн хэлэлцээрийг Киев дагаж мөрдөөгүйг барууныхан дэмжиж, эцсийн дүндээ тэд Минскийн хэлэлцээрээс татгалзсан нь Украин болон түүний Барууны кураторууд нь яриа хэлэлцээнээс эрс татгалзсаныг тодорхой харуулав.
Барууны орнуудын хорлон сүйтгэх зорилгот ажиллагаа нь Европын зөв­лөл, ЕАБХАБ зэрэг Европыг бүхэлд нь хамарсан яриа хэлэлцээний гол платформууд доройтоход хүргэв. НАТО-г дорно зүгт тэлж, Оросын ашиг сонирхлыг үл тоомсорлосон нь Европын аюулгүй байдлын тогтол­цооны уналтыг мөн ойртуулав. Орчин үеийн бодит байдалд олон улсын нийтлэг асуудлуудыг шударгаар шийд­вэр­лэхийн тулд ижил байр суурьтай талуудын үр дүнтэй яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтой юм. Оросын дипломатчид ШХАБ, БРИКС, Евра­зийн эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн чадавхыг илүү идэвхтэй ашиглаж байна. Бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нь эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг олгож байна. Мөн ижил төстэй байр суурь баримталдаг Ази, Африк, Латин Америкийн улс орнуудтай яриа хэлэлцээгээ хөгжүүлж байна. Тэд барууныхны эхлүүлсэн Оросын эсрэг кампанит ажиллагаанд нэгдэхээс татгалзсан нь бүтээлч хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байгааг нь харуулж байна.
ОХУ-ын дипломатчидын Монгол дахь өдөр тутмын үйл ажиллагаа нь эрх тэгш, харилцан хүндэтгэлд суурилсан олон жилийн уламжлалт итгэлцэл, сайн хөршийн найрсаг харилцааны зарчмуудад захирагддаг. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, хамтын ажиллагааны нөхцөл байдал солигдож, түншүүдийн хүрээ өргөжиж байгаа ч Монгол, Оросын олон үе улиран дамжсан, цаг хугацаагаар шалгагдсан найрамдлын түүх, соёлын уламжлалт болон оюун санааны үнэт зүйлсийн нийтлэг чанар нь үр дүнтэй хамтын ажиллагааны бат бөх үндэс суурь болж, манай хоёр орны ард иргэдийн сайн сайхны төлөөх цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөшүүрэг болж өгдөг.
Оросын дипломат алба нь үндэсний аюулгүй байдлыг хангахаар, мөн эх орныхоо дэвшилтэт хөгжилд гадаад таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд олон талт томоохон зорилтуудыг шийдвэрлэхээр ажилласан хэвээр байна. Хүнд нөхцөл байдалд ч Орос улс нь олон улсын харилцааны бүх оролцогчдын ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн дээр хамтын ажиллагааны нийтлэг зарчмуудыг хамгаалсаар байна.