Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Айл бүрт өдөр тутмын хоолны махнаас үлдсэн өөх байдаг. Магадгүй танай хөлдөөгч дотор ч гэсэн хэрэглэхгүй үлдсэн өөхний жижиг хэсгүүд байгаа байх. Тэгвэл хаягдал өөхөө өргөн хэрэглээний бараагаар солих боломжтой “Өөхөө тушаая” аяныг “Натурал Грасс Ланд” ХХК амралтын өдрүүдээр зохион байгуулдаг байна. Ээлжит өөхөө тушаах аян  өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны гадаа 12:00-15:00 цаг хүртэл зохион байгуулж, иргэдээс 1.1 тонн өөх цуглуулжээ. 


Улаанбаатар хотод жил бүр 1.5 тонн малын гаралтай бүтээгдэхүүний хог хаягдал бий болдог байна. Тэгвэл нэг жилийн хугацаанд “Өөхөө тушаая” аяны хүрээнд Төв аймаг, Налайх, Баянзүрх дүүргийн 15 хороо, Баянгол дүүргийн 34 хороо, Содон хороололд өөх худалдан авах ажлыг хийжээ. Нийт зургаан удаагийн арга хэмжээгээр 2 сая 700 мянган кг өөхийг худалдан авсан байна. 

 

МАЛЫН ӨӨХӨӨР ТЕХНИКИЙН ТОС ҮЙЛДВЭРЛЭЖ ЭКСПОРТОД ГАРГАДАГ БАЙНА

Натурал Грасс Ланд ХХК малын өөх тосыг худалдан авч түүнийгээ боловсруулан техникийн тос үйлдвэрлэн Хятад улс руу экспортолдог байна. Энэ тухайгаа тус компанийн захирал Р.Батнасан “2018 онд анх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2019 онд малын гаралтай тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл нийслэлийн хогийн цэгүүдэд өөх, дайвар бүтээгдэхүүн ихээр хаягдаж байгааг хараад үүнийг таслан зогсоох зорилгоор “Өөхөө тушаая” аяныг санаачилсан. Одоо өдөрт 30 тн өөх боловсруулж тос болгон БНХАУ- руу экспортолж байна. Мөн өөх хайлуулаад гарсан шимэлдгийг нь гахайн фермд өгдөг. Малын гаралтай бүтээгдэхүүнээс ямар ч хаягдал гардаггүй. Манай компани нь малын хаягдал болох өөх, яс болон бусад дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулж экспортын зорилтот бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа, экспорт болоод ХАА-н салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц цогц үйлдвэр болох алсын хараа, зорилготой” гэсэн юм.  


Тэд “Өөхөө тушаая” аяныг амралтын өдрүүдээр зохион байгуулдаг байна. Аян зохион байгуулагчид нэг машиндаа өөхөө ачиж, нөгөө машиндаа ахуйн хэрэглээний бараа ачиж ирсэн байв. Иргэд өөхөө өгөөд оронд нь ариун цэврийн цаас, хогийн уут, коммет зэргийг аваад гэртээ харьцгааж байлаа. Түүнээс гадна иргэд хаягдлаа хэрэглээний бүтээгдэхүүн болгож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. 


БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн  С.Арилжигмаа “Манайх ам бүл тавуулаа. Бага насны гурван хүүхэдтэй учир өөх иддэг хүн байхгүй гэхэд болно. Тиймээс өдөр бүр махнаас өөх үлддэг. Ихэнх тохиолдолд хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэх мэт санагдаад хөргөгчийн мухарт үлдээдэг ч заримдаа хаяхаас өөр аргагүй болдог. Өнгөрсөн долоо хоногт цахим хуудаснаа хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад өнөөдөр зорьж ирж үйлчлүүлж байна. Таван кг өөх тушаагаад хогийн уут, ариун цэврийн цаас аваад буцаж байна. Энэ үйлчилгээ маш хэрэгтэй санагдлаа" гэсэн юм. 
Өөхөөр сольж буй барааны хувьд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байлаа. Тодруулбал, "Ариун" брэндийн ариун цэврийн цаас, коммет, нойтон салфетка, Тод брэнийн хогийн уут, Сайн брэндийн эдийн саван зэрэг бүтээгдэхүүнийг өгч байлаа. Хэрэв та гэртээ байгаа хаягдал өөхөө тушаамаар байвал дараагийн “Өөхөө тушаая” аян энэ сарын 15-нд Баянзүрх дүүргийн 14 сургуультай хамтран зохион байгуулагдах аж.  Ингэхдээ хаягдал өөх авахаас гадна сургуулийн хүүхдүүдэд малын гаралтай бүтээгдэхүүнийг хаяхгүйгээр хэрхэн ашиглах талаар багш нартай хамтран зохион байгуулах юм. 
Монгол Улс мал аж ахуйн орон. Гэхдээ бид хог хаягдлаа ангилан хаях энгийн дадалд ч суралцаагүй. Ангилан хаямаар байв ч хогийн сав хүрэлцээгүй байдаг. Тэгвэл өөрсдийн хэрэгцээт бүтээгдэхүүнээр өөхөө солих эсвэл хуванцар саваа худалдан авдаг газар худалдан борлуулах боломжууд олон байна. Хогийг хаях биш эдийн засагтаа нэмэр болгож ашиглан эх дэлхийдээ хөрөнгө оруулцгаая.

 

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)