Базарбямбын НЯМСҮРЭН

Бүгд Найрамдах Турк улсын 10 гаруй хот, Сирийн хойд хэсгийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 11 мянга давсныг албан ёсоор зарлалаа. Энэ тоо цаашид өсөх магадлалтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн улс орнууд хүмүүнлэгийн тусламжаа илгээсээр байгаа юм. 
Улс орнууд байгалийн давагдашгүй хүчний өмнө нүүр тулаад байгаа Турк, Сирид нэгэн сэтгэлээр, хил хязгаар үл хамааран тусламж дэмжлэгээ илгээсээр байгаа нь хүн төрөлхтөн хэзээд нэгдэж чаддаг, хүн төрөлхтний эв нэгдлийн гал бөхөөгүй болохыг батлан харуулсаар байна. 

 

МОНГОЛ:
Монгол Улс тусгай үүргийн онгоцоор, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг Турк улсад илгээгээд байна. Мөн манай улсаас 1500 ширхэг ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа болон бусад тусламжийг үзүүлэв. 

 

НҮБ:
Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний байгууллага газар хөдлөлтөд өртсөн хоёр улсад зориулан 25 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. НҮБ-ын илгээсэн эхний тусламж Турк улсад хүргэгджээ. 

 

ДЭМБ:
Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гамшигт өртсөн улс орнуудад бүх талаар дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан. Мөн ДЭМБ-ын хүмүүнлэгийн болон сайн дурын ажилтнууд гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх зэргээр онцгой нөхцөлд аврах ажиллагаа явуулсаар байна. 

 

БНХАУ:
БНХАУ-аас илгээсэн тусламжийн баг өчигдөр Туркт хүрэлцэн очжээ. Тус улсаас 20 тонн эмнэлгийн хэрэгсэл, аврах багийн тоног төхөөрөмж, болон дөрвөн эрэлч нохойг илгээжээ. Мөн тус улсаас 4.4 сая ам.долларын тусламжийг Сирид үзүүлэхээ амлаад байгаа.

 

АНУ:
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдогантой утсаар ярьж эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, “Ямар ч үед хэрэгцээтэй бүх зүйлээр туслахад бэлэн” гэсэн юм. АНУ шуурхай ажиллагааны чиглэлээр мэргэшсэн 79 хүний бүрэлдэхүүнтэй хоёр аврах баг, зургаан аврагч нохойг Бүгд Найрамдах Турк Улс  руу илгээгээд байна. Энэхүү баг газар хөдлөлтийн халуун цэг болсон Адьяаман хот орчимд ажиллаж байгааг АНУ-ын Гамшгийн тусламжийн агентлагийн тэргүүн Стифэн Аллэн мэдээлсэн. 

 

ОХУ:
ОХУ-ын хувьд хоёр ИЛ-76 агаарын хөлгийг 100 аврагчийн хамт Турк улс руу илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Тус улсын Ерөнхийлөгч В.Путин байгалийн гамшигт өртсөн хоёр улсын ард түмэнд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлнэ гэв. 

 

Европын холбоо: 
Европын холбооны хувьд өөрсдийн зүгээс бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Франц Чех, Хорват, Болгар, Нидерланд, Финланд зэрэг Европын холбооны 19 улс орнууд энэхүү тусламжид нэгдээд байна. Тухайлбал, ХБНГУ иргэний хамгааллын чиглэлээр мэргэшсэн аврах тусгай багийг яаралтай илгээж байгаагаа тус улсын дотоодын асуудал хариуцсан сайд онцолсон. Энэ багийн хамт яаралтай үед шаардлагатай хөнжил, майхан зэрэг ахуйн хэрэгслүүдийг илгээжээ. Германы Канцлер Олаф Шольц тусламж дэмжлэгийг цаашид нэмнэ гэдгээ амласан. Польш улс 76 хүний бүрэлдэхүүнтэй аврах анги, найман аврагч нохой илгээжээ. Испани улс гал сөнөөгчид, аврах ажилтнууд тоног төхөөрөмж ачсон А400 байлдааны нисэх онгоцоо яаралтай Турк улс руу аврах ажиллагаанд зориулан илгээжээ. Швейцари улс 80 гаруй аврах мэргэжилтнүүд,найман аврагч нохойн бүрэлдэхүүнтэй багийг Турк руу илэрхийлсэн. Энэхүү багт гамшгийн үед ажиллах чиглэлээр мэргэшсэн цэргийн мэргэжилтнүүд багтаж байна. Харин Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони бүх талаар анхны тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Европын холбооноос нийт 1150 аврах ажилтнууд болон 70 гаруй аврагч нохойг илгээжээ.  

 

Ватикан:
Ромын тэргүүн хамба Францис гамшигт явдал болсонд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Ватиканы зүгээс 500 мянган еврогийн тусламж үзүүлжээ. 

 

Япон:
Япон улс газар хөдлөлтийн гамшгийн бүсэд ажиллах 73 хүний бүрэлдэхүүнтэй нэлээд өргөн багийг илгээгээд байна. Тус улсын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Тиймээс ч тусгай багаж хэрэгслүүд болон зөөврийн хүчилтөрөгчийн аппарат, эрүүл мэндийн хэрэгсэл, зарим хүнсний тусламжийг аваачжээ. 

 

Их Британи:
76 хүний бүрэлдэхүүнтэй Их Британийн аврагчдын багт дөрвөн аврагч нохой багтаж байгаа бөгөөд тэд өчигдөр тус улсад очжээ. 

 

Канад:
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 10 сая канад долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Энэхүү яаралтай тусламж нь эхний ээлжийн тусламж бөгөөд цаашид нэмэгдэнэ гэв. 

 

Австрали:
Австрали улс 10 сая австрали долларын тусламжийг олгоод байгаа. Мөн 72 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг энэ долоо хоногийн эцэс гэхэд тус улсад очих юм байна. 

 

Энэтхэг:
Үндэсний аврах албаны 100 гаруй аврагчдын бүрэлдэхүүнтэй хоёр аврах баг Турк улсад очоод байна. Тус баг бүрэлдэхүүн эмнэлгийн хэрэгсэл, онцгой байдлын аврах чухал хэрэгслүүдийг аваачжээ. 

 

Арабын Нэгдсэн Эмират улс:
Хамгийн хүнд хэцүү байгаа бүс нутагт тусламж үзүүлэхээ амлаад байсан Арабын Нэгдсэн Эмират Улсын аврах баг БНТУ-д газардлаа. Мөн тус улсаас Сирид хүмүүнлэгийн тусламж илгээжээ.


Саудын Араб: 
Саудын Араб улсад газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк, Сири улсуудад тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа. 

 

Ирак:
Иргэний хамгааллын чиглэлээр мэргэшсэн багаа Турк болон Сири улс руу илгээгээд байгаа бөгөөд тэрхүү баг эмнэлгийн болон түргэн тусламжийн хэрэгслүүдийг мөн олноор авч очжээ. 

Катар:
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр төртэйгөөр зохион байгуулаад удаагүй байгаа Катар улс Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хүнд нөхцлийг сэргээн засварлахад зориулсан зардлыг улсынхаа тусгай сангаас гаргахаар болжээ. Энэ дагуу эхний ээлжинд майхан, эмнэлгийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон бусад шаардлагатай нөөцийг Турк болон Сирид илгээжээ. Мөн 27 мянга гаруй халуун хоол хүнсийг түр хоргодох газарт байрлаж байгаа иргэдэд илгээжээ. Тус улс энэхүү тусламжинд зориулан эхний ээлжинд зургаан сая ам.долларыг төсөвлөөд байна. 

 

Пакистан:
Пакистан улсын хувьд 36 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг өөрсдийн цэргийн онгоцоор хүргээд байна. 

 

Израйл:
Израйл улс эрлийн баг, эмнэлгийн ажилтнууд багтсан 150 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг шаардлагатай эм, багаж хэрэгслийн хамт Турк улсад илгээгээд байгаа. Мөн тус улсын Ерөнхий сайд Н.Бенжамин хэдийгээр дипломат харилцаатай биш боловч хүнд хэцүү цаг үед Сири улсад тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. 

 

Украйн:
Хэдийгээр дайны хүнд нөхцөлд байгаа ч гамшигт нэрвэгдсэн улс орнуудтай хамт байх болно гэдгээ Украйны Ерөнхий сайд В.Зеленский мэдэгдсэн. Тэрээр “Найрсаг туркчуудэд тулгарсан энэ хэцүү цаг үед бид үргэлж ойр байх болно” гэсэн байна. 

 

Тайвань:
Тайванийн аврах баг 40 аврагч, гурван аврах нохойноос бүрдэж байгаа. Тэд 4-5 тонн анхны тусламжийн хэрэгслийг Турк улсад хандивлажээ. Мөн 130 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг дахин илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

 

ЦАГ АГААРААС БОЛЖ АВРАХ АЖИЛЛАГАА УДААШИРЧ БАЙНА

 

Турк Улсын хувьд Европ Ази тивийг холбосон дэлхийн гео-эдийн засаг, геополитикт чухал тоглогчийн нэгд тооцогддог. 
Ерөнхийлөгчийн сонгуулиа ирэх тавдугаар сарын 14-нд зарлаж, одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдагоныг дахин сонгох эсэхээ товлож байсан турк улсад ийнхүү байгалийн гамшиг тохиосноор сонгуулиас илүүтэйгээр улс орноо сэргээн засах хүндхэн даалгавартай тулаад байна. Тиймээс ч “Одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган тус улсын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах нь бараг тодорхой боллоо” хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ. 
Тэрээр өнгөрсөн өдрүүдэд газар хөдлөлтийн гамшиг болсон хотуудад өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа. Харин сөрөг хүчний зарим улстөрчид түүнийг аврах ажиллагааг хэтэрхий удаан явуулж байна хэмээн шүүмжилжээ.
Газар хөдлөлт болсноос 48 цагийн дараа гурван настай Ариф Каан хүүг Кахраманрас хотын нэгэн барилгын нурангин дороос эсэн мэнд олж эмнэлэгт хүргэсэн юм. Түүний аав хүүгээ амьд олдсонд хязгааргүй баяртай байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна. Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрээс аврагчид ажиллаж байгаа ч амьд үлдэгсдийн тоо хэтэрхий бага байгаа нь дэлхий нийтийг гонсойлгож буй. Тухайлбал, Польшийн аврагчид “Амьд хүн бараг олдохгүй байна. Бид хэдэн мянган нас барсан хүмүүсийг гаргаж байна. Гэхдээ нэг дор есөн хүнийг амьд мэнд гаргаж чадсандаа баяртай байна. Тэдний дөрөв нь нэг гэр бүл байлаа” хэмээн “Ассошэйтэд прэсс” агентлагт ярьжээ. 
Гамшигт өртсөн бүс нутгийн хувьд цаг агаар хүйтэн, зайрмагтсан байдалтай, бороо цас холилдож орсоор байгаа учраас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа юм. 
Тиймээс олон улс болон дотоодын аврагчид цаг хугацаатай уралдан нурангин доор дарагдсан иргэдийг аврахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)