Б.Дамдин-Очир
АН-ын гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 19-нд цуглаж, ҮБХ-ны хурлаа хийсэн. Тэр хурал дээр АН-ын даргад С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нар нэр дэвшиж өрсөлдсөн. Тэгээд Лу.Гантөмөр ялсан.
Дараа нь, нэгдүгээр сарын 25-нд С.Эрдэнэ ҮБХ-ноосоо намын даргын сунгаа зарласан. Тэр сунгаанд нь Т.Энхсайхан, Д.Ганбаяр, Д.Ганбат, Л.Гүндалай нарын долоон хүн “уралдаж”, Д.Ганбат түрүүлэв.
Ингээд АН хамгийн сүүлд, аравхан хоногийн дотор хоёр дарга тодруулчихав.
Одоо “...АН-ын дарга Д.Ганбат уу, эсвэл Лу.Гантөмөр үү” гээд л яригдаж байна. Дээд шүүх энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. АН-ынхан Дээд шүүх рүү өнгөрсөн хэд хоногт хольж сольж, зөрж мурьж олон өргөдөл хүргэлээ. Нэг үгээр хэлбэл, Дээд шүүх Ан-ын даргыг шийдэхэд тун хэцүү. Дахиад л холион бантан болж орхижээ.
Ерөөсөө “...Д.Ганбат уу, Лу.Гантөмөр үү” гэдгийг дэнслэхийн өмнө “Энэ хоёр эрхмийг тодруулсан хоёр ҮБХ-ны аль нь хүчин төгөлдөр вэ” гэдгийг шийдэх хэрэгтэй болж байх шиг байна.
Яагаад гэвэл АН-ынханд даргаа, бусад зохион байгуулалтаа хийж цэгцрэх ганцхан гарц бий. Тэрийг нь Дээд шүүх гаргаж өгсөн байдаг. Тодруулбал, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн “...АН-ын ээлжит бус XIII Их хурлын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай 07 дугаар тогтоолоор байна. Тэр Үндсэн дүрэмд нь “...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу ҮБХ шийдвэрлэнэ” гэж байдаг.
Угтаа дарга ч үгүй, тамга ч үгүй АН-ынхан Дээд шүүхийн хүлээн зөвшөөрсөн ҮБХ-гоороо нэг тасхийсэн шийдвэр гаргах л боломж байв.
АН-ынхан ч үүнийг ойлгоод, мэдрээд 2023 оны нэгдүгээр сарын 19-ний хурлыг хийсэн шиг байгаа юм. Гэвч Дээд шүүхийн хүлээж авсан дээрх Үндсэн дүрмийг бүртгүүлэх өргөдлийг гаргасан С.Эрдэнэ, Д.Ганбат, Ч.Өнөрбаяр гурваас С.Эрдэнэ, Д.Ганбат хоёрыг оролцуулалгүй “хаячихсан” байна. Тэр байтугай С.Эрдэнэ, Д.Ганбат хоёр Лу.Гантөмөрийг тодруулсан хурлыг эсэргүүцсээр байсан.
Уг нь Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолд “...АН-ын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн ээлжит бус ХIII Их хурлаас намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар Дээд шүүхэд АН-ыг төлөөлөн шүүхэд хандах, өргөдөл гаргах эрхийг С.Эрдэнэ, Д.Ганбат, Ч.Өнөрбаяр нарт олгосон байх тул хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ” гэж баталгаажуулаад дүгнэчихсэн. Ингэхээр логикийн хувьд С.Эрдэнийн АН-ын ҮБХ-ноос намын удирдлага, бусад зохион байгуулалтын асуудал тодорхой болж, Дээд шүүх түүнийг нь хүлээж авах ёстой болж байгаа юм. Гэтэл нэгдүгээр сарын 19-нд хуралдсан ҮБХ нь С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН-ынх холилдоод орчихсон. Шулуухан хэлэхэд Лу.Гантөмөр ингээд л нурчих магадлал маш өндөр байна.
Нөгөө талд, С.Эрдэнийн АН-ын даргын сунгаа зарласан ҮБХ, Д.Ганбатыг тодруулсан цахим ээлжит бус их хурал зэрэг бас асуудалтай. Олонх нь Лу.Гантөмөрийн хурлыг бараадсан. С.Эрдэнэ дээр цөөнх үлдсэн. Ингэхээр, хэрвээ Дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоо барих юм бол Д.Ганбатыг даргаар бүртгэх бүрэн боломжтой. Харин улс төрөө харвал, олонхиороо “сонгосон” Лу.Гантөмөрийг бүртгэх болно. Эсвэл дахин нэг хуулийн заалт “уншаад” алийг нь ч бүртгэлгүй буцаах гарц бий.
Явж явж АН-ын энэ холион бантан бүхэн Дээд шүүх, ямар нэг хөндлөнгийн нөлөөнөөс болоогүй гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Нөгөө л тал тал тийшээ харчихсан хэвээрээ байгааг л харж болно. Хэрвээ АН-ын нөлөө бүхий улстөрчид “...Эвлэе, нэгдье” гэж үнэнээсээ хүссэн бол С.Эрдэнийгээ авчирч суулгаад л асуудлыг шийдчих байлаа. Хачирхалтай нь С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёр “нанчилдаад” явж байхдаа, АН-аас нэр дэвшиж байсан экс хоёр Ерөнхийлөгч ард нь “балиашиглаад” суухдаа ч С.Эрдэнийг “мартчихсан” байгаа юм.
Лу.Гантөмөрийг юу юугүй өргөмжлөөд ирэнгүүт С.Эрдэнэ сунгаа зарлаад Д.Ганбатыг намын дарга болгосон. Дараа нь “...Хэрвээ Лу.Гантөмөрийг бүртгэх гэвэл Ерөнхийлөгчийн сонгууль ч яригдана шүү” гээд бойкотлочихож байгаа юм. Энэ бол С.Эрдэнээс гарах улс төр мөн л дөө. Дахиад хэлэхэд С.Эрдэнийгээ “мартчихаад” одоо өөрсдөө гацаанд орчихож байх шиг байна. Тэгэхээр АН одоо юу ч хийж чадахгүй. Хувь заяа нь Дээд шүүхийн гарт орсон. Харин Дээд шүүх энэ “мухар нүх”-нээс ямар гарц гаргалгаа, ов мэхээр гарч чадах вэ гэдэг л сонин байна. Тогтоолоо дагах уу, улс төрөө дарах уу?!
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)