Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу лхагва гарагийн  11:30 цагийн байдлаар газар хөдлөлтийгн улмаас амиа алдсан хүний тоо 7900-д хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо хэдэн мянгад хүрээд байгаа юм.

Тодруулбал, Сирийн баруун хойд хэсэгт дөрвөн сая гаруй хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй болоод байна.

Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлэв.

Эргэн сануулвал, даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байсан нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна.

Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ. Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс хойд зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Эх сурвалж:CNN