С.САРУУЛ

Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш  сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Туркийн өмнөд хэсгийн газар нутаг бол үйлдвэрлэлийн болон газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Олон сая хүний амьдардаг газар нутаг байгаа. Маш олон хүн гэр бүлийнхнийгээ алдлаа. Яг одоо нурангид дарагдсан хүмүүсийн амь насыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа. Гамшиг болсноос нэг өдрийн дараа буюу өнөөдөр хоёр хүүхдийг нуранги доороос эсэн мэнд гаргасан мэдээлэл ирсэн. Одоогийн байдлаар газар хөдлөлтөд өртсөн монгол иргэд байхгүй гэх мэдээлэл ЭСЯ-нд ирсэн.

 Одоогийн байдлаар Турк улсад өвлийн улирал болсон байгаа тул аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Бид бүхэн маш хурдацтайгаар, байж болох бүх хүчин чадлаараа ажиллаж байна. 10 хотод аврах ажиллагааны багийг явуулсан. Монгол Улсын Засгийн газраас аврах баг явуулна гэвэл бид бүхэн талархалтайгаар хүлээн авах болно.  Орон байргүй үлдсэн болон, нурангид дарагдаад амь аврагдсан иргэдийг Туркийн онцгой байдлын ерөнхий газрын харьяа хоргодох байр болон "Хавирган сар" нийгэмлэгийн тусламжтайгаар хоргодох байруудад шилжүүлж байна. Мөн эмнэлэг бусад хоргодох байруудад шилжүүлж байна. Цаашдаа байнгын оршин суух байраар хангах байдлаар бид бүхэн ажиллах болно. Орон нутгийн замууд эвдрээгүй, утасны сүлжээ хэвийн байгаа.  Турк улсад одоогоос 24 жилийн өмнө 1999 онд Истанбулд томоохон газар хөдлөлт болж, 18 мянган иргэн амиа алдаж, 50 мянган иргэн бэртэж гэмтэж байсан.” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn