Т.САЙХАН
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор “Гудамж төсөл”-ийн 99 дэд төслийн хүрээнд 138 тэрбум 857 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгосон асуудлыг хэлэлцэж байна. Уг зээлтэй холбогдуулан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрбээр "Бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн ажил бол манай барилгын салбарын хувьд асар их ач холбогдолтой. 2014 онд сая м.кв талбайтай орон сууц барьсан. 500 мянган хүнтэй төлөвлөгдсөн байсан ч 1.5 сая хүнтэй болчихсон. Нэг м.кв үнийг өсгөж байсан 2, 3 зүйл бий. Тэр нь техникийн нөхцлүүдийн үнэ, зардал, дэд бүтцийн хангамж муу байсан учир газар үнэтэй болсон. Мөн барилгын суурь материал болох цементээ импортоор авдаг байв. Эдгээрийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэгт голчлон ажилласан юм. Хөгжлийн Банкнаас компаниудыг хэрхэн шалгаруулах вэ гэсэн журам гаргаад нэгж байгуулсан. Манайх Эрчим хүчний яаманд нэг, Барилга, хот байгуулалтын яаманд дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан нэг нэгжтэй байлаа. Тендерийн хуулиар биш Хөгжлийн Банкны тухай хуулийг дагахаар болсон. БХБЯ-ны хувьд дэд бүтцийн ажил хийх эрхтэй 60 орчим компани байдаг. Ажил эхлэхээс өмнө эдгээр компанийн төлөөллийг дуудаж уулзаж, түншлэлүүдийг байгуулсан. Байгуулагдсан түншлэлүүд энэ ажлууд дээр үнийн саналаа өгч, бидний зүгээс харьцуулсан үнэлгээг нэгжүүд дээрээ хийдэг. Харьцуулагдаад гараад ирсэн эхний хоёр түншлэлийг төслийн удирдах хороон дээр хэлэлцээд шалгаруулдаг. Шалгарсан түншлэлтэй гэрээ хийдэг процессын дагуу явсан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn