Б.ДОЛЖИНЖАВ
Турк болон Сири улсын нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 4372-д хүрээд байна гэж “CNN” мэдээлэв. Үүнээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 15 мянгыг давсан гэж Туркийн Онцгой байдлын газрын дарга Юнус Сезер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.
Туркт 2921 хүн нас барсан бол Сири улсад 1451 хүн нас барж, 3531 хүн гэмтэж бэртсэн байна. Тэгвэл энэ тоо цаашид найм дахин өсөх магадлалтайг ДЭМБ мэдэгджээ.
Хүчтэй цасан шуурга газар хөдлөлт болсон бүс нутагт болжээ. Үүнээс үүдэн тусламжийн баг хохирогчдод хурдан хугацаад хүрч үйлчлэхэд хүндрэл үүссэн байна.
Энэ нөхцөл байдлын талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кока “Цаг агаарын нөхцөл байдал болон гамшгийн цар хүрээнээс шалтгаалан тусламжийн баг газар хөдлөлт болсон бүс нутагт хүрч очиход бэрхшээлтэй байна. Цаг агаар муу байгаагаас нисдэг тэргүүд ч нисч чадахгүй байна” гэж ярьсан байна.
Одоогийн байдлаар 2256 түргэн тусламжийн ажилтан газар хөдлөлт болсон бүс нутагт очсон байна. Мөн хөрш хотуудаас нь 602 түргэний нисдэг тэрэг очжээ.
Эргэн сануулвал, даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байсан нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ. Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс хойд зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.
Эх сурвалж:CNN