Б.Очир

С.Чинзориг сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр ХСҮТ-ийнхний магнайг тэнийлгэсэн үүргийг захиралд нь өгчээ. Тэрбээр ХСҮТ-ийн 190 м.кв талбайг эзлээд дөрвөн жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн "... "Мед портал" эмнэлгээс гэрээгээ цуцалж, талбайгаа чөлөөл" гэжээ. Ингэхээс ч аргагүй болсон байна. 
Сайд энэ талаар "...ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрт илрүүлэгт хамрагдахааар хөдөөнөөс ирсэн хүмүүс, хагалгаанд орсон өвчтөний ар гэрийнхэн, өдрийн эмчилгээнд явж байгаа болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзахад "...Эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, эмнэлгийн үйлчилгээний тал дээр сэтгэл ханамжтай байна" гэцгээж байсан. Эмч ажиллагсдын дийлэнх нь залуучууд юм. Туршлагатай сайн эмч нар ч олонтой. Эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм. Гагцхүү хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхийг хүсч байлаа. Үйлчлүүлэгчид "...ХСҮТ хэрнээ зарим оношлогоо шинжилгээг хувийн эмнэлгээр хийлгүүлдэг" гэсэн шүүмжлэл ч ирдэг. 
Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ. 
Химийн эмчилгээнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийн санхүүжилтийг Австрийн төслөөр шийдэх боломжгүй бол Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд руу хандаж арга зам хайна. Шийдэх боломжтой.
ХСҮТ-ийн амбулатори дотор “Мед портал” нэртэй хувийн оношлогооны эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй. ХСҮТ өөрөө компьютерт томографаар  оношлогоо шинжилгээ хийх боломжтой.  Тийм учраас “Мед портал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэхэд үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг. 
Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй. Тийм тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг гэж байв. 
Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэээд өгнө. Тэгэхээр хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ. Тийм учраас “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад  өглөө" гэжээ.  Үнэхээр ч "Мед портал" эмнэлэг нь ХСҮТ-ийнхний "хавдар" нь шахам болоод байсан. Олон "но"-той мэдээлэл дуулддаг. Ямартай ч ХСҮТ-ийн захирал, удирдлага нь хир халдаадагггүй. Тус эмнэлэгт бүх бололцоог нь олгож, дэмжиж ажилласаар өнөөг хүрсэн байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)