Б.ЖАВХЛАН

Сүүлийн хэд хоног койны хохирогчид хэдэн төгрөгөөр хэрхэн яаж хохирсон талаараа мэдээлэл хийж байна. Тэгвэл “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Х.Эрдэнэбаяр нарын гаргасан “World Plus” буюу “WPL” койны хохирогч С.Бат-Очир мэдээлэл хийлээ.

С.Бат-Очир "WPL койныг "Wordl plus digital" компани гаргасан. Өмчлөгчөөр Хакухо М.Даваажаргал, Японы парламентын гишүүн байсан Япон хүн байсан. Тиймээс бид Хакухо аваргад итгэж, койн худалдан авсан. Тухайлбал, тус компани нь койн гаргасныхаа дараа албан ёсны мэдэгдэл гарсан. Мэдэгдэлд “Энэ койн нь бусад койноос өөр. Койн худалдаж ав, түүний дараа бид ямар нэг нөхцөлгүйгээр буцаан худалдаж авна. Мөн жилийн 24 хувийн өгөөж өгнө” гэдэг зүйлийг хэлж байсан боловч буцааж авах өдөр нь болсон боловч худалдаж аваагүй. Мөн үйл ажиллагаа явуулж байсан байр нь хаагдсан. Хаалгаа лацадсан нөхцөл байдалтай байна. Одоо тус койны ханш 50 дахин унасан. Нэг сая төгрөгөөр койн авсан хүн 20 мянган төгрөгтэй үлдэж байна. Түүнээс гадна Хакухо аварга болон Японы парламентын гишүүн эцсийн өмчлөгч биш болсон. Оронд нь өөр хүмүүсийн нэр дээр шилжсэн байна. Тиймээс энэ койны асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсэж байна. Мөн Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой" гэв.

Мөн Бажи, Ялалт зэрэг хүмүүс тус койныг сурталчилж байсан. Мөнгөө олж авах хүртэлээ тэмцэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм.