Б.ЖАВХЛАН

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө өгөхийг шаардаж иргэд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд нийслэлээс болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Ингэхэд нүүрсний хулгайг илрүүлэхийн төлөө шинээр томилогдон ажиллаж байгаа тухайгаа бидэнд хэлсэн. Мөн ногдол ашиг тараах тал дээр ажлын хэсэг байгуулсан ажиллаж байгаа бөгөөд хэрхэн яаж тараах тал дээрээ хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин гурван хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзахад цагаан сараас өмнө ногдол ашгийг тараах боломжгүй гэсэн. Үүнийг бид эсэргүүцэж байна. Нүүрсний хулгайгаар алга болсон 44 их наяд төгрөгийг эргүүлэн татаж ард иргэд бидэнд цагаан сараас өмнө ногдол ашгийг өгөхийг бид шаардаж байна. Иргэд цагаан сараа өргүй зээлгүй гаргах боломжийг олгооч. Мөн ногдол ашгийг олгохдоо бүх иргэдэд алагчлалгүй олгооч ээ гэж шаардаж байна” гэсэн юм.

Тэгвэл орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл болох Төв аймгийн малчин Д.Адъяасүрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК бол ард түмний компани. Ард иргэд мэдээлэл дутмагаасаа болж 10 жил ногдол ашгаа авч чадаагүй байна. Хэрэв ногдол ашиг өгөх юм бол өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гээд байх юм. Ногдол ашиг өгөөгүй байсан ч юмны үнэ өдрөөр өсөж байна шүү дээ. Одоо гишүүд тойрогтоо ажиллаж байна. Нөгөө л хуучин технологиороо бидний хүртэх ёстой бүхнийг авчхаад бидэнд гурил будаа тараагаад явж байна. Мөн сонгууль болохоор ногдол ашиг гээд жаахан зүйл тараадаг. Тэгвэл бид тийм зүйлийг хүсэхгүй байна. Ногдол ашгаа авмаар байна. Баялагтаа эзэн нь баймаар байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр очоод өнгөрсөн жилүүдэд хэдэн төгрөгийн ашиг олсон юм” гэв.

Мөн Монгол Улсын 30 мянган иргэн ямар ч бичиг баримтгүй, хог түүж амьдралаа залгуулж байна. Энэ иргэдийг яаралтай иргэний үнэмлэхтэй болгож нийгмийн нэг хэсэг болгоочээ гэдгийг энэ үеэр иргэд хэлж байлаа.