Ц.БАЯР

Татварын ерөнхий газар нь үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, төсвийн орлогыг цаг хугацаанд нь бүрдүүлэх, хэрэглэгчдэд чанартай, тэдний сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ. Энэ ажлын хүрээнд ямар үр дүн гарах талаар ТЕГ-ын ТЗУГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга С.Орхоноос зарим зүйлийг тодрууллаа. 

 

-ТЕГ ямар учраас чанарын менежментийн олон улсын тогтолцоог нэвтрүүлсэн бэ?
-Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын нэг зорилт нь төрийн байгууллагын засаглалыг сайжруулах зорилт юм. Засаглал сайжруулах буюу төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Татварын ерөнхий газарт Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 Олон Улсын стандартыг нэвтрүүлж байна. Уг стандарт нь татварын албаны сонирхогч талууд болох татвар төлөгч болон татварын албаны ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөр байлгах, тэдний сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх тогтолцоо юм. Татвар төлөгч нарт сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд Татварын ерөнхий газарт ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийг бас өндөр байлгах гэх мэт. Энэ чанарын менежментийн тогтолцоо нэвтэрснээр нь байгууллагын үйл ажиллагаа хүнээс хамааралгүйгээр олон улсын стандартын тогтолцоогоор явна. Өөрөөр хэлбэл төлөвлөдөг, хийдэг, хийснээ шалгадаг, сайжруулах үйл явц нь хэн нэгэн удирдлага, албан тушаалтнаас үл хамаарч үргэлж циклээр явснаар үйл ажиллагаа сайжирч, дээшилнэ гэсэн үг. 


-Тогтолцоо амжилттай нэвтрүүлснээр ямар давуу тал бий болж байна вэ?
-Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр албан хаагчдад хийх ажил нь тодорхой болно. Мөн ямар ажлыг хэзээ хийж, хэнд тайлагнаж, хэрхэн сайжруулах вэ, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь тодорхой болох юм. Дээр нь ажилчдын ажлын байрны эмх цэгц сайжирдаг. Ажлын байр эмх цэгцтэй байснаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг өндөр ач холбогдолтой. 
Чанарын менежментийн тогтолцоо нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнгын өндөр түвшинд байлгахад чиглэсэн тогтолцоо. Сэтгэл ханамжийг хамгийн өндөрт байлгаын тулд албан хаагчид хэрэглэгчид чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой. Чанартай үйлчилгээг үзүүлэхийн тулд татварын алба хаагчийн хийх зүйл нь тодорхой байх, ажлаа хэрхэн сайжруулахаа мэддэг, ажлаа хянаж сурах, төлөвлөх үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлж байж ажил болон үйлчилгээний чанар сайжирна. 


-Татварын ерөнхий газрын хувьд онцлог нь юу байна вэ? 
Бид стандартыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Чанарын бодлогоо манай албаны Эрхэм зорилго “Татвар төлөгч хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад оршино”, Алсын хараа “Олон улсын жишигт нийцсэн, ухаалаг татварын тогтолцоог бүрдүүлнэ”, Үнэт зүйлс  “шударга байдал, хариуцлага, бие даасан байдал, шинэ санаачлага, зөв хандлага, хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадвар” зэрэгтээ тулгуурлан  “Мэргэшсэн, ёс зүйтэй, хүний нөөц, хамтын ажиллагаандаа түшиглэн, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татварын ухаалаг, ил тод, тэгш, шударга тогтолцоог бүрдүүлэн сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг хэрэглэгчид хүргэнэ” гэж чанарын бодлогоо тодорхойлсон.
Цаашид бид чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж, гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ туршлага, мэдлэгийг тасралтгүй нэвтрүүлэн албаны чадавхийг нэмэгдүүлэх, цахимжилтийн түвшинг сайжруулж үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, татвар төлөгчийн зан хандлагын эрсдэлийг оновчтой тодорхойлж, хууль тогтоомж сайн дураар даган мөрдөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)