Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Солонгосчууд гурван жил орчмын дараа анх удаа маскгүй даваа гарагийг угтлаа. Тодруулбал, тус улс COVID-19 халдвараас сэргийлэх хүрээнд 2020 оны аравдугаар сараас эхлэн дотор газар заавал маск зүүх журмыг үндэсний хэмжээнд баталж байв. Харин өчигдрөөс эхлэн эмнэлэг, эмийн сан, нийтийн тээвэр, онгоцны буудал зэргээс бусад газар маск зүүхгүй байх боломж бүрдлээ.
Солонгост ням гарагт 7416 тохиолдол бүртгэгдсэн нь долоо хоногийн хамгийн бага тоо юм. Ийн халдварын шинэ тохиолдол, хүндрэлийн тоо буурсан, эмнэлгийн багтаамж хэвийн болсон, өндөр настнуудын вакцинжуулалт өндөр гэсэн дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн  тус шийдвэрийг гаргаснаа Өмнөд Солонгосын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн юм.
Сургууль, цэцэрлэг, дэлгүүрүүдэд заавал маск зүүх ёсгүй ч халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор зарим хувийн сургууль сурагчдаа маскаа зүүхийг зөвлөжээ.
 Мөн ихэнх хүн маскнаасаа салах дургүй байна. Энэ талаар солонгосчууд ийн ярив.

 

Оюутан Бён Жон Юн: Маскаа тайлж онцгойрохыг хүсэхгүй байна

-Маск зүүх журмыг цуцалсныг би мэдсэн. Гэхдээ хэрэглээд дасчихсан болохоор зүүхгүй явж чадахгүй байна. Мөн бусдаас онцгойрохыг хүсэхгүй байна. Маскгүй явахаар хүмүүсийн анхааралд өртөх юм шиг мэдрэмж төрсөн” гэж “Koreatimes”-д ярьжээ. 

 

70 настай өндөр настан эмэгтэй: Халдвар аваагүй учир сэрэмжтэй байх нь чухал

-Заавал маск зүүх шаардлагагүй болсныг мэдээгүй. Гэхдээ гадаа хүйтэн, би халдвар аваагүй байгаа учир анхаарал сэрэмжтэй байж маскаа байнга зүүнэ” гэв.

 

60 гаруй настай эрэгтэй Хван: Баранд зүүхгүй мөртлөө нийтийн тээвэрт масктай явах нь үр дүнгүй

-Метро хүлээх хооронд маск зүүхгүй байж болно гэсэн мэдээллийг өнөө өглөө харсан. Метрон дотор ч бас маскгүй явж болох байх.Зоогийн газар, баранд маск зүүхгүй мөртлөө нийтийн тээвэрт зүүх нь үр дүн багатай гэж бодож байна.

 

Фитнесээр хичээллэгч 39 настай Жин Со: Шинэ журамд дасахад хугацаа шаардлагатай

-Өглөө 20 орчим хүн зааланд ирснээс нэг нь л маскгүй байсан. Удаан хугацаанд зүүгээд дадал болчихсон учир гэнэт маскаа тайлах нь хүмүүст сонин байсан байх. Энэ шинэ журамд дасахад бидэнд хэд хоног шаардлагатай.


Энэ сарын дундуур “Lotte Members” клубын зохион байгуулсан санал асуулгад оролцсон 2200 насанд хүрэгчийн 66 хувь нь журам цуцлагдсан ч амны хаалтыг зарим хүрээнд үргэлжлүүлэн зүүх сонирхолтойгоо илэрхийлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)