Б.ДОЛЖИНЖАВ

 

Мьянмар улсын Засгийн эрхийг цэргийнхэн хүчээр гартаа авч, өөрсдийн ноёрхлоо тогтоогоод тун удахгүй хоёр жил боллоо. Ардчилсан дэглэмтэй хэмээн сайшаагдаж байсан тус улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийнхээ эрх чөлөөг хамгийн ихээр хааж боосон оронд тооцогдох болов. Тэгвэл тус улсын цэргийн хатуу дэглэмийг эсэргүүцэн үзэл бодлоо цахим орчинд бичсэн  эмэгтэйг хүчиндэж, амийг нь хөнөөнө хэмээн заналхийлж, баривчилна гэж сүрдүүлсэн нь саяхан ил болсон талаар “Aljazeera” мэдээлэв. 


Засгийн эрхийг цэргийнхэн авснаас хойш эмэгтэйчүүдийн эсрэг улс төрийн зорилготой хүчирхийлэл Мьянмарт тав дахин нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийг заналхийлсэн постууд  “Telegram”-д хамгийн их нийтлэгдсэн байна.


Энэ талаар хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Myanmar Witness” ТББ “Эрэгтэй хүний зураг бүхий цэргийн дэглэмийг дэмжигч цахим хаягуудаас  төрийн эргэлтийг эсэргүүцсэн пост бичсэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийлэл, заналхийллийн шинжтэй пост ихэнх хувийг эзэлж байгааг бид судалгаагаар тогтоолоо. Иймэрхүү цахим хүчирхийлэл, хувийн нууц мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтэд ил болгох нь далдаар сөрөг нөлөө үзүүлж, эмэгтэйчүүдийг нийгмээс өөрийгөө тусгаарлах нэг шалтгаан болдог. Үүнээс гадна хүчирхийлэлд өртөж бие болон сэтгэл зүйгээрээ хохирох эрсдэл ч өндөр байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг сүрдүүлсэн агуулгатай 1.6 сая постыг “Telegram”-аас илрүүлсэн байна.Эдгээр постуудын ихэнх нь цэргийн дэглэмийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг баривчлах эсвэл эд хөрөнгийг нь хураахыг уриалсан шинжтэй байжээ.


Хэрэглэгч цахим хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн талаараа Telegram  болон Facebook компани руу хүсэлт илгээсэн ч хурдан хугацаанд хариу өгдөггүй байна. Тиймээс дээрх олон нийтийн сүлжээний компаниудыг цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хангалттай ажиллаж чадахгүй байгааг “Myanmar Witness” ТББ-ын судлаач шүүмжилжээ. Олон нийтийн сүлжээний мэдээллийн хэрэгслүүд хүчирхийлэл, заналхийлэлтэй холбоотой гомдолд хурдан хариу өгч,  энэ  төрлийн цахим гэмт хэргийг үйлдэж байгаа хаягуудыг устгахад онцгой анхаарах ёстойг тэд анхааруулав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)