Б.Дамдин-Очир

 

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө гарсан. Хэргийн эзэн нь илрэлгүй 25 дахь жилийнхээ босгыг давлаа. “...Илрэлгүй” гэсний учир нь “...С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад л ар гэрийнхэн нь ч “...Үндэслэлгүй” гэсэн мэдэгдлийг гаргаж байсан юм. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд “...Зохион байгуулалттай аллагад өртөн амь насаа алдсан С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлөн доорх мэдэгдлийг хийж байна.

 

Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна. Хохирогч С.Оюун” гэсэн байв. 


Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар уг хэрэгт холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Тиймээс мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өнгөрсөн долоо хоногт НПГ-т хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар, уг хэргийг хүчээр хүлээлгэсэн нь тогтоогдсон гэсэн үг. Прокурорууд уг саналтай танилцаж байгаа аж. 
Тэгвэл мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг өчигдөр байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ. 


Эх сурвалжуудын мэдээллээр, С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг улс төр рүү чиглэж мэдэхээр байгаа юм байна. Тодруулбал, тухайн үед Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Зориг нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нөлөө бүхий улстөрчидтэй байр суурийн зөрчилтэй байсан гэдэг. Мөн тэрбээр дараагийн Ерөнхий сайдад албан бусаар яригдаж байжээ. 


Ер нь бол С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой байж болох олон сэжим сүлбээ дэлгэгдэж байсан. Олон ч хүн энэ талаар ярьдаг. Сүүлд ч “...С.Зориг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой байсан байх магадлалтай” гэдгийг улстөрчид хэлсэн байдаг.
2019 оны хавар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал босч ирж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан их байсан.  УИХ ч 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг Түр хороо байгуулж байв. Тэр үеэр АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гэж харддаг. Өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулиан дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч, захиалагчгүйгээр замхарчих вий” гэж байв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)