Э.УРАН
“Болд төмөр Ерөө гол” компанийн санаачлагаар төмрийн хүдэр олборлогч 10 гаруй компани нэгдэж “Монгол ган нэгдэл” хувьцаат компанийг байгуулжээ. Тэдний гол зорилго нь эх орондоо төмрийн хүдэр боловсруулах үйлдвэртэй болж, дотооддоо арматурын төмөр нийлүүлэх юм.
Одоогоор тус нэгдэлд “Болд төмөр Ерөө гол”, “Эрдэс холдинг”, “Бэрэн”, “Монгол метал майнинг”, “Монлаа” зэрэг компани багтаж байна. Цаашид төмрийн хүдэр олборлогчид энэхүү нэгдэлд орох бүрэн боломжтой аж. Мөн “Монгол ган нэгдэл”-ийн 30-40 хувийг төр эзэмших бололцоотой гэлээ. Манай орны 14 гол бүс нутагт 11 тэрбум тоннын төмрийн хүдрийн нөөц бий гэж судлаачид тогтоосон байдаг.
Үүнээс нөөцийг нь баталгаатай гэж тодорхойлсон 33 ордод 660.8 сая тонн төмрийн хүдэр бий. Төмрийн хүдэр олборлогчид эх орныхоо энэ их нөөцийг ашиглан Дархан-Уул аймагт нэг сая хүртэлх тоннын хүчин чадалтай ган бэлдэц, төмөр хийцийн үйлдвэр, Сайншандад 4.5 сая тонн хүртэл хүчин чадалтай хорголжин төмрийн үйлдвэр байгуулах боломжтой талаар олон жил судалжээ.
Үүнээс эхний ээлжинд төмрийн хүдэр боловсруулах том үйлдвэрийг Сайншандад байгуулахаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж нааштайгаар шийдвэрлэсэн тухайгаа Засгийн газарт танилцуулсан байна. Засгийн газраас дээрх төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Ингэснээр 2016 он гэхэд “Болд төмөр Ерөө гол” компанийн санаачилга ажил хэрэг болж, “Монгол ган нэгдэл” анхны арматурын төмрөө үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж эхлэх юм байна. “Болд төмөр Ерөө гол” компани Сэлэнгийн Баянголын ордод үйл ажиллагаа явуулдаг. Тус компани энэ онд өөрийн ордын дэргэд төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж байгаа гэнэ.