Т.САЙХАН
УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийлээ. Намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон чуулганы онцлогийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дүгнэж, үг хэлэв. Түүний үгнээс онцлон хүргэж байна.
Өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт амжилт, алдаа дутагдалаа эргэн харж, сургамж дүгнэлт хийх, алдаа буруу байвал засах, Монгол Улсынхаа шинэ сэргэлтийг эхлүүлэх түүхэн хариуцлага та бидэнд оногдож байна.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал амилуулах шаардлагатай 17 хууль өргөн баригдаагүй байна. Улс төрийн намын тухай, Авлигатай тэмцэх багц хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц хуулиудыг баталж хэрэгжүүлэх ёстой.
Ард түмний өмнө нэн тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад цахим шилжилт хийх, дэд бүтцийг сайжруулах, шинэ хот байгуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хэрэгтэй.
Чуулганы завсарлагаанаар УИХ-аас “Ард түмнээ сонсъё” аяныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Аяны хүрээнд гишүүн бүр зөвхөн тойргоороо хязгаарлахгүйгээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа, хуулийн төслүүдээ хэлэлцэж, саналыг авах хэрэгтэй.
Ардчиллыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд ард түмний оролцоог хангах хэрэгтэй. Иймд ард түмний оролцоог өргөн хүрээнд хангаж, шинэ сэргэлтийн зорилгоо танилцуулж, ард иргэдийн саналыг сонсож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан засаглах эрхийг эдлүүлж, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлмээр байна.
Намрын чуулганаар бид Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар төсвийн шинэчлэл хийж, төрийн хэмнэлтийг бүх шатанд хэрэгжүүлэх, нэгэнт эхэлсэн арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах зарчмыг хуульчилсан. Энэ бодлогыг уриа лоозон, сурталчилгаа болгохгүйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цахим, ил тод мэдээллийн систем нэвтрүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. Ард түмний хяналт бол албан тушаалтны хяналтаас чухал.
Хувьцаат болон төрийн өмчит компаниудын засаглал, худалдан авалт, гэрээ хэлцэл, татвар, өр төлбөр, хөрөнгийн зарцуулалтад ил тод байдлыг хангаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, тэдгээрийн ТУЗ-ийг ард түмний төлөөлөл түлхүү байхаар өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Намрын чуулганаар бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, дагалдуулан тогтоол баталсан. Эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм, тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөл энэ хуулиар бүрдүүлсэн. Үүнийг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталлаа. Эдийн засгийн либералчлал, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь төрд байгаа авлига, хээл хахуулийг зогсоох, үр ашигтай болгох үндэс, чиглэл мөн.
Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг ирэх хаврын чуулганы эхэнд заавал хэлэлцэн батлах ёстой. Үндсэн хууль болон аль нэг хуулиас илүү төрийн албан хаагчид, иргэдийн ёс зүй, хэм хэмжээний алдагдалд аливаа зөрчил, дутагдал оршиж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгасан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жилийн хорих ял шийтгэдэг зохицуулалттай болсон. Ингэснээр эрх мэдэл, албан тушаалын ард нуугдаж, хууль завшдаг байдал эцэслэгдэх боломж бүрдсэн гэж ард иргэд үзэж байна.
УИХ-аас ард түмний оролцоо, хяналтыг хангах зорилгоор “D Parliament” платформ төслийг хэрэгжүүлж байна. Үүний “D Petition” төсөл дээр ард иргэдийн цахим өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа баталлаа. Ингэснээрээ иргэд цахим жагсаал хийж, энэ талбар дээр санал хүсэлт, асуудлаа илэрхийлэн хэлэлцүүлэх боломж бүрдэж байна.
Парламент “Зөвшилцөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоол гаргасан. Хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зууны зүгийг тодорхойлох эдгээр олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ.
Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог Зөвлөлдөх санал асуулгад оролцох байх. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, ард түмний элч, төлөөлөгчид болсон Улсын Их Хурлын гишүүд онцгой хариуцлагатай, идэвхтэй хандаж оролцох ёстойг онцлон тэмдэглэе.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)