Б.БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт манай улсын эдийн засагт ямар чухал үйл явдлууд болсныг тоймлон хүргэе. 

 

Монголын хамгийн том эрсдэл нь өрийн хямрал гэв

 

Нөлөө бүхий улстөрчдөөс эхлээд бизнесийн акулууд нэг дор цугладаг дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн даваа гарагт эхэлж баасан гарагт дууссан юм. Энэ удаагийн эдийн засгийн чуулганд 130 орны 27 мянга гаруй хүн оролцжээ. Мөн “Хуваагдсан дэлхийн хамтын ажиллагаа” уриа дор зохион байгуулагдаж эдийн засаг болон хүнсний хямрал, дайн, уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэржилтийн IV хувьсгалын асуудлуудыг гол болгон хэлэлцжээ. 
2023 онд дэлхий нийтээр олон төрлийн хямралтай нүүр тулсан жил болох аж. Тэгвэл ирэх хоёр жилд Монголчууд биднийг өрийн хямрал, байгаль орчны доройтол, Гео эдийн засгийн сөргөлдөөн, ажилгүйдэл, амьжиргааны өртгийн хямрал, улс хоорондын мөргөлдөөн гэсэн эрсдлүүд хүлээж байна гэж Дэлхийн эдийн засгийн форумаас дүгнэсэн. Үүн дотроос өрийн хямралыг хамгийн том эрсдэл гэж онцлов. 
Өмнөх оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 2012 онд 17.2 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 32.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь 10 жилийн өмнөхөөс найм дахин өссөн үзүүлэлт юм. 
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева “2023 он нь 2022 оноос илүү хүнд жил байх болно. Учир нь АНУ, Европын холбоо, БНХАУ гэсэн гурван том эдийн засаг зэрэг удааширч байна” гэсэн юм. Мөн энэ онд олон оронд амьжиргааны өртгийн асуудал хүндэрч улмаар улс орны тэргүүнүүд иргэдээ амьжиргааны хямралаас хамгаалахын тулд илүү их мөнгө зарцуулах уу, эсвэл инфляцтайгаа тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөх үү гэх сонголтод тулж очих нь. Дайны асуудал хэлэлцээрийн төвд байсан ч дуусгах гэхээсээ илүү зэвсэг болон танкны тусламжийн талаар яригдав. Өндөр болон бага орлоготой орнуудын дундаж наслалт 14 жилийн зөрүүтэй байна. Улмаар уг ялгаатай байдлыг арилгаж насжилтын зөрүүтэй байдлыг тэглэхэд төр болон хувийн хэвшлээс гадна бусад талууд хамтран ажиллахаар болов. 

 

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэв

 

Мөнгөний нийлүүлэлт 2022 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд валютын харилцах 2.6 их наяд, валютын хадгаламж 936.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

 

Биткойн 24 мянган долларт хүрэв 

 

2022 онд биткойн 65 хувиар унаж 16 мянган долларт хүрсэн. Тэгвэл сүүлийн гурван сарын хугацаанд идэвхтэй өссөөр өнгөрсөн бямба гарагийн шөнө 24 мянган ам.долларт хүрлээ. Үнийн өсөлт нь BTC-ийн зах зээлийн үнэлгээг бараг 440 тэрбум ам.долларт хүргэхэд тусалсан. Түүний алткойныг давамгайлах байдал нь мөн нэмэгдэж, 42 хувь хүрсэн. Хэдийгээр BTC-ийн зах зээлийн ноёрхол нэмэгдэж байгаа ч Aptos-ийн уугуул зоос 57 хувиар өсчээ. Том хэмжээтэй алткойнууд болох Solana, OKB, MANA, SAND, ICP, VET, HBAR, NEAR, ATOM өсөлттэй байна. Эдгээр нь бүгд нэг шөнийн дотор 10-20 хувиар огцом өссөн. Ethereum 6.5 хувиар өссөний дараа 1650 ам.долларт хүрэв. Binance Coin 5.5 хувийн өсөлтийн дараа 300 ам.долларыг эргүүлэн авлаа Эдгээр бүх үнийн өсөлт нь крипто зах зээлийн үнэлгээг CoinMarketCap дээр  нэг их наяд доллараас давахад тусалсан байна. Манай улс биржээр дамжуулан цахимаар анхлан арилжсан нүүрсний тээвэрлэлтийг нэгдүгээр сарын 16-19-нд хооронд хийж гүйцэтгээд байна. 

 

Нүүрсний цахим арилжааны анхны тээвэрлэлтийг хийв

 

Тээвэрлэлтээр Гашуунсухайт боомтын терминалаас нийт хоёр багц буюу 12.800 тонн коксжсон нүүрсийг FCA Gashuunsukhait тerminal нөхцөлөөр экспортод гаргаснаар биржээр дамжуулан арилжсан анхны арилжааны дараах нийлүүлэлтийг ийнхүү хийгээд буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 
Манай улс нүүрсээ анх удаа биржээр арилжиж, Ганц мод боомт руу тээвэрлэх хамгийн эхний туршилтыг үндэсний экспортлогч, хувийн хэвшлийн “Энержи Ресурс” болон төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниуд хамтран амжилттай гүйцэтгэв.
Авлига, шударга бус нийлүүлэлтийн эсрэг нээлттэй цахим арилжааны ил тод худалдааг ийнхүү эхлүүлснээр Монгол Улс урт хугацаандаа Уул уурхайн биржийн тухай хуулийг дагаж мөрдөх юм. Манай улс экспортын нүүрсээ цахимаар арилжихдаа давхар зардал, төсөв дахин гаргалгүйгээр, Хөрөнгийн биржийн бэлэн байгаа дэд бүтцийг буюу арилжааны систем, хүний нөөцийг түшиглэн хийгээд байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)