Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 16-20-нд Швейцарын Давос хотод болно. Жил бүр болдог энэ уулзалтын үеэр улс орны Засгийн газрын тэргүүнүүд болон бизнесийн салбарынхан төдийгүй иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд цугларч, дэлхийд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлыг хэлэлцдэг билээ. Мөн тухайн шинэ онд дэлхий нийтийн анхаарлаа хандуулах тэргүүлэх чиглэл юу байхыг тодорхойлдог юм. 2023 оны дэлхийн эдийн засгийн форум “Хуваагдсан дэлхий дэх хамтын ажиллагаа”  /Cooperation in a Fragmented World/ уриан дор болж байна. Энэ  уриа нь Украинд үүссэн хурцадмал асуудал буюу олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой юм.


Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жил 130 орны 2700 гаруй төлөөлөл оролцох юм байна. Тэдний 52 нь Засгийн газрын тэргүүн ерөнхийлөгч, ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс байх юм. Гэхдээ “Их-7”-гийн удирдагчдаас зөвхөн Германы канцлер Олаф Шольц оролцохоор болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Харин Өмнөд Африкын ерөнхийлөгчийн тухайд улс нь эрчим хүчний хямралд орж цахилгаангүй болсон учир тус уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.


Нэр нөлөө бүхий удирдагчдаас дурвал Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон АНУ-ын Хөдөлмөрийн сайд тэргүүтэй гурван албан тушаалтан Америкыг төлөөлөн оролцож байна. Харин Азиас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуальдес Маркос  болон Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев оролцохоор бүртгүүлсэн гэж “Aljazeera” мэдээлэв. Тэгэхээр Монгол, Хятад, Орос гэсэн хөрш гурван улсын төлөөлөгч тус уулзалтад оролцохооргүй болжээ.


Энэ форумд оролцож байгаа эдийн засагчдын 20 орчим хувь нь 2023 онд дэлхий бүхэлдээ хямралд өртөх магадлал маш их гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Энэ талаар Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Саадиа Захиди “Бараа бүтээгдэхүүнийн үнийн хэт өсөлт, их хэмжээний өр, олон улсад үүссэн хуваагдсан нөхцөл байдал зэрэг нь дэлхийн эмзэг бүлгийн хүн амын амьдрах өртгийг нэмэгдүүлж, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээнд зориулж байгаа хөрөнгө оруулалтын үр шимийг бууруулж байна” хэмээн ярьжээ.


Хэрэв Орос, Украинд үүссэн хурцадмал байдал үргэлжилж, төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөөр байвал энэ онд хямралд өртөхөд ойрхон байна хэмээн ДЭМБ мэдэгдэж байв. Тухайлбал, инфляцын түвшний хувьд тооцоолон үзэхэд эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн 2023 онд Хятадад таван хувь, Европт 57 хувь хүртлээ хэлбэлзэх урьдчилан таамаглалыг гаргажээ. Учир нь АНУ болов Европын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 55-59 хувьд чангаруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр тэд нэг бол их хэмжээний эрсдэл үүрнэ. Үгүй бол маш бага хэмжээний алдагдал хүлээх юм. Энэ талаар Дубайд төвтэй “DP World” дэлхийн ложистикийн компанийн дэд захирал бөгөөд санхүүгийн захирал Ювраж Нараян “Бараа материал хугацаандаа үйлдвэрээсээ гарч, захиалсан цагтаа ирэхгүй байгаагаас шалтгаалан хэрэглэгчдийн эрэлт эрс буурч байгаа нь хүн бүхэнд тодорхой байна. Бараа бүтээгдэхүүнд хэт олон хязгаарлалт тавьж байна. Үүнийг шийдвэрлэх зөв гарцыг олохгүй бол нөхцөл байдал улам дордоно. Тухайлбал, ачаа тээврийн үнэ 15-20 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан” гэв.

Германы эдийн засагч Клаус Швабын санаачилгаар 1971 онд энэ уулзалтыг анх “Европын менежментийн форум” нэртэйгээр зохион байгуулж байв. Харин энэ нэрийг 1987 онд өөрчилсөн байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)